АНУ-ыг чиглэн Оросын түлш тээвэрлэж явсан гурван нефть тээвэрлэгч хөлгийн хоёр нь маршрутаа өөрчилснөөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өмнө нь тохиролцсон Оросын дизель түлш худалдан авч, импортлох хэлэлцээр хэрэгжихгүй байх эрсдэл үүсжээ. Энэ тухай Financial Times сонин арваннэгдүгээр сарын 4-нд мэдээлсэн байна.

Тус сонины мэдээлснээр, Оросын Talisman танкер болон Хонконгийн компанийн эзэмшилд байдаг, Сьерра-Леонегийн далбаатай Leruo хөлөг АНУ-ын Атлантын далайн эргийг зорьсон чиглэлээ өөрчилжээ.

Арваннэгдүгээр сарын 2-ноос Leruo хөлөг Бразил руу чиглэсэн бол Talisman Газар дундын тэнгист нэвтэрч, одоогоор Алжирын эрэг орчимд байна.

Тус хөлөг “for orders” буюу “цаашдын заавар хүлээж байна” гэсэн дохио дамжуулж байгаа нь ачааг нь худалдан авах тал болон хүрэх боомт хараахан тодорхой болоогүйг илтгэж байна. Financial Times-ийн мэдээлснээр эдгээр хоёр хөлөг Европын Холбооны хоригт багтдаг аж.

АНУ-ыг чиглэсэн бусад танкерууд аяллаа үргэлжлүүлж байна

Грекийн Eastern Mediterranean Maritime компанийн эзэмшлийн гурав дахь танкер болох Agioi Fanendes АНУ-ыг чиглэсэн аяллаа үргэлжлүүлж байгаа ч мөн “for orders” гэсэн дохио дамжуулж байна.

Kpler компанийн шинжээч Мэтт Смит Financial Times-т “Тус хөлөг энэ амралтын өдрүүдэд Нью-Йоркт хүрэх ёстой. Гэвч АНУ-ын худалдан авагчид зохицуулалт, хууль эрх зүй болон хориг арга хэмжээтэй холбоотой эрсдэлээс болгоомжилж байгаа нь илт. Тиймээс энэ танкер ч маршрутаа өөрчилж, АНУ-д очихоос татгалзвал гайхах зүйлгүй” гэж ярьжээ.

Үүний зэрэгцээ Сейшелийн арлуудад бүртгэлтэй компаниудын эзэмшлийн, хоригт хамрагдсан Beast танкер аравдугаар сарын 27-нд Оросын Приморск боомтоос түлш ачсан бөгөөд АНУ-ын Атлантын далайн эргийг чиглэн аяллаа үргэлжлүүлж байгааг тус сонин мэдээлсэн байна.

АНУ-д дизель түлшний үнэ өсжээ

Иранд дайн эхэлснээс хойш дизель түлшний фьючерсийн үнэ 60 гаруй хувиар өссөн байна. 2026 оны арваннэгдүгээр сарын эхний байдлаар АНУ-ын шатахуун түгээх станцуудад дизель түлшний дундаж үнэ галлон тутамд 6.30 ам.доллар буюу литр тутамд 1.66 ам.долларт хүрчээ.

АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө Дональд Трамп Владимир Путинтэй Оросын дизель түлш худалдан авч, АНУ-д импортлох тохиролцоонд хүрсэн юм. Тэрбээр энэхүү хэлэлцээрээр түлшний үнийг бууруулж, сонгогчдын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг зорьж байжээ.

Гэвч уг санаачилга Бүгд найрамдах намд хүлээсэн үр дүнгээ авчирсангүй. Арваннэгдүгээр сарын 3-нд болсон сонгуулийн дүнгээр Ардчилсан нам АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын аль алинд олонх болжээ.

Эх сурвалж: DW