Украин Европын Холбоонд элсэх хэлэлцээгээ өөрийн тавьсан зорилтын дагуу дуусгахыг хүсэж байгаа бол шинэчлэлийн ажлынхаа хурдыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай гэж Европын Комисс лхагва гарагт танилцуулсан тайландаа мэдэгджээ.
Европын Холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын Комисс өргөжилтийн бодлогын тайландаа “Украины Засгийн газар Европын Холбоонд элсэх хэлэлцээг 2028 оны эцэс гэхэд дуусгах зорилт тавьж байгаагаа илэрхийлсэн” гэж дурдсан байна.
Мөн “Европын Комисс энэхүү амбицтай зорилтыг дэмжиж байгаа боловч түүнд хүрэхийн тулд шинэчлэлийн ажлын хурдаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээн онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын Холбоонд элсэхийг гадаад бодлогынхоо үндсэн зорилтуудын нэг болгож ирсэн. Тэрбээр Украиныг ЕХ-ны гишүүн болгох нь Оросын түрэмгийллийн нөхцөлд улс орныхоо төдийгүй Европын нийт бүс нутгийн урт хугацааны аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хангах чухал арга зам гэж үздэг аж.
Европын Холбоонд элсэх үйл явц нь ихэвчлэн олон жил үргэлжилдэг, нарийн төвөгтэй хэлэлцээ болон ЕХ-ны стандартад нийцүүлэх хууль эрх зүйн шинэчлэл шаарддаг. Түүнчлэн элсэлтийн гэрээг Европын Холбооны одоогийн бүх гишүүн орон соёрхон батлах ёстой аж.
Европын Комисс тайландаа “ОХУ-ын үргэлжилж буй түрэмгий дайны улмаас үүссэн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан Украин Европын интеграцад чиглэсэн шинэчлэлийн хөтөлбөртөө тууштай хэвээр байна” гэж тэмдэглэжээ.
Гэхдээ цаашид Украин хууль дээдлэх ёсны стандартыг хангах, үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолсон байна. Мөн шүүхийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, авлигатай тэмцэх чиглэлээр бодит ахиц гаргаснаа харуулахыг Киевээс шаарджээ.
Европын Холбооны удирдагчид 2022 оны зургадугаар сард Украин болон Молдав улсад нэр дэвшигч орны статус олгосон. Европын Комиссын шинэ тайланд Молдав улс шинэчлэлийн ажлын хурдаараа Украинаас илүү урагшилж байгаа талаар дурджээ.
Тус тайланд “Молдавын Засгийн газар Европын Холбоонд элсэх хэлэлцээг 2028 оны эхээр урьдчилсан байдлаар дуусгах зорилт тавьж байгаагаа илэрхийлсэн. Европын Комисс энэхүү зорилтыг дэмжиж буй бөгөөд Молдав улс шинэчлэлийн өнөөгийн хурдаа хадгалж чадвал энэ зорилт амбицтай хэдий ч хэрэгжих боломжтой” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: REUTERS