Арваннэгдүгээр сарын 2-нд Киев хотын захын Петропавливска Борщагивка хэмээх нам гүм сууринд уурлаж бухимдсан олон хүн Украины Үндэсний гвард болон хууль сахиулах байгууллагын алба хаагчидтай мөргөлдсөн хэрэг гарсан нь Украины дайчилгааны асуудлаарх мэдээллийн дайныг улам хурцатгажээ.

Ойролцоогоор 200 хүн хууль сахиулагчид, цэргийн алба хаагчид болон тэдний тээврийн хэрэгсэл рүү дайрсан уг хэрэгт хариу арга хэмжээ авах үеэр нулимс асгаруулагч хий хэрэглэж, агаарт анхааруулах буудлага хийсэн байна.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирилл Буданов хэргийн газарт хүрэлцэн ирсэн нь нөхцөл байдлын ноцтойг улам тодотгожээ. The Kyiv Independent-ийн сэтгүүлчид мөргөлдөөн болсон газарт өөрсдөө ажиллаж, үйл явдлыг сурвалжилсан байна.

Энэхүү хэрэг нь Орос улс Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш тус улсад гарсан дотоодын зөрчил, үймээн самууны хамгийн их анхаарал татсан үйл явдлуудын нэг болжээ.

Үйл явдлын бодит нөхцөл байдал эхэндээ тодорхойгүй байжээ

Мөргөлдөөн болж байх үед болон түүний дараах эхний өдрүүдэд Киев хотын баруун захад яг юу болсон талаар баталгаатай мэдээлэл тун хомс байгаа аж.

Эхний мэдээллүүдэд Украины Үндэсний гвардийн нэгэн анги дайчилгаанд хамрагдсан эрчүүдийг хууль бусаар хорьж, зодож, хүчирхийлсэн гэх мэдээлэл олон нийтийн бухимдлыг төрүүлсэн гэж дурдсан байна.

Энэ нь Украины эрх баригчдын хувьд эмзэг асуудал болоод буй албадан дайчилгааны тогтолцоонд удаан хугацаанд хуримтлагдсан хүндрэл, зөрчлийн илрэл мэт харагдаж байжээ.

Гэвч үйл явдлын өрнөл болон хүчирхийлэл гарахад нөлөөлсөн гол хүмүүсийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ил болохын хэрээр уг мөргөлдөөн тодорхой хэмжээгээр урьдчилан зохион байгуулсан өдөөн хатгалга, Оросын ашиг сонирхолд нийцсэн мэдээллийн ажиллагааны үр дүн байж болзошгүй гэсэн хардлага нэмэгджээ.

Гэсэн хэдий ч Буданов уг үйл явдлыг зөвхөн өдөөн хатгалга байсан гэж үзэж болохгүйг анхааруулсан байна. Түүний үзэж байгаагаар, энэ хэрэг Украины нийгэмд хуримтлагдсан гүнзгий зөрчил, олон жилийн турш шийдвэрлэгдээгүй асуудлуудыг ил гаргажээ.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT