Хятад улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын гурван талт уулзалт зохион байгуулах боломжийн талаар хэлэлцээ хийж байгаагаа анх удаа албан ёсоор баталжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ тухай арваннэгдүгээр сарын 4-ний лхагва гарагт мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Бээжин энэхүү уулзалтыг зохион байгуулах асуудлаар Москва болон Вашингтонтой харилцаа холбоотой ажиллаж байгаа аж.
AFP агентлагийн мэдээлснээр, гурван талт хэлэлцээ арваннэгдүгээр сарын 18, 19-нд Хятадын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдаж магадгүй юм байна.
Боломжит уулзалтаар Трамп Украины дайны асуудлыг бус, цөмийн зэвсгийг хураах тухай асуудлыг хэлэлцэхийг хүсэж байгаа аж. Өмнө нь The Wall Street Journal (WSJ) сонин мэдээлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ ийм гурван талт уулзалт зохион байгуулах санаачилга гаргасан гэжээ.
Тус сонинд эх сурвалжуудын мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Украины дайныг дуусгах нөхцөлийн талаар Европын Холбоо болон Украины төлөөлөгчдийг оролцуулахгүйгээр гурван талын хүрээнд хэлэлцэхийг хүсэж байгаа аж.
Харин Дональд Трамп ийм уулзалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн боловч Украины дайны асуудлыг бус, харин цөмийн зэвсгийг хураах асуудлыг хэлэлцэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ.
Түүнчлэн Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер саяхан ARD телевизэд өгсөн ярилцлагадаа Хятадад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжийн талаар ярилцсан тухайгаа дурдсан байна.
Штайнмайерын хэлснээр, Ши Жиньпин Украинтай холбоотой асуудлаар Хятад, Орос, АНУ-ын оролцоотой хэлэлцээ хийхээр бэлтгээгүй талаар онцолжээ.
Германы Ерөнхийлөгч энэ талаар “Тэрбээр энэ бол Европын мөргөлдөөн гэдгийг тусгайлан онцолсон бөгөөд уг асуудлаарх хэлэлцээний ширээний ард Европын орнууд зайлшгүй байх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW