АНУ-ын завсрын сонгуулийн урьдчилсан дүнгээр, Ардчилсан нам Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын аль алинд олонх болж, хоёр танхимын хяналтыг гартаа авахаар боллоо. CNN-ийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүндийн уналт болон түүний засаг захиргаанд хандах сонгогчдын байр суурийн өөрчлөлт Ардчилсан намд сонгуулийн томоохон ялалт авчрахад нөлөөлжээ.
Ардчилсан нам ийн Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны үлдсэн хоёр жилд түүний бодлого, шийдвэрт хууль тогтоох байгууллагын түвшинд хяналт тавих, улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх боломжтой болж байгаа аж.
Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Дональд Трамп "The New York Times" сонинд өгсөн ярилцлагадаа сонгогчдын шийдвэрийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн бол "Fox News"-т өгсөн ярилцлагадаа Ардчилсан намынхныг “сайн ажилласан”, “шаргуу тэмцсэн” хэмээн үнэлжээ. Гэхдээ Бүгд найрамдах намын ялагдлыг өөрийнх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэрэгжилтэд өгсөн сөрөг үнэлгээ гэж харахгүй байгаагаа илэрхийлсэн аж.
Техас мужид Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулж, томоохон өөрчлөлт авчирлаа
Энэ удаагийн сонгуулийн анхаарал татсан үйл явдлын нэг нь Техас мужид өрнөсөн өрсөлдөөн байв. Ардчилсан намаас нэр дэвшигч Жина Хинохоса мужийн амбан захирагчийн сонгуульд Бүгд найрамдах намын Грег Эбботтыг ялсан талаар CNN урьдчилсан тооцоогоо танилцуулжээ.
Түүнчлэн Ардчилсан намаас нэр дэвшигч Жеймс Таларико Техас мужийн Сенатын суудалд ялалт байгуулах төлөвтэй байгаа нь тус намын хувьд сүүлийн 38 жилийн хугацаанд авч чадаагүй амжилт болох нь. Мөн Бүгд найрамдах намын уламжлалт түшиц газар гэгддэг Канзас мужид Адам Хамилтон ялалт байгуулж, Өмнөд Каролина мужид Энни Эндрюс сенатор Дарлин Грахамын суудлыг авах нь тодорхой болжээ.
Техас мужийн амбан захирагч Грег Эбботтыг ялна гэж таамагласан арилжаачид сонгуулийн дүн гарахаас хэдхэн цагийн өмнө хоёр сая ам.долларын арилжаа хийсэн нь анхаарал татсан байна. Тодруулбал, таамаглалын зах зээлийн Kalshi платформ дээрх хэрэглэгчид Эбботтыг ялна гэж өндөр дүнтэй арилжаа хийсэн боловч CNN-ийн урьдчилсан тооцоогоор, тэрбээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жина Хинохосад ялагджээ.
Энэ нь Эбботтыг дэмжсэн томоохон арилжааны анхны тохиолдол биш аж. Өнгөрсөн долоо хоногт түүнийг ялалт авчирна гэсэн таамаглалд үндэслэн тус бүр 500 мянган ам.долларын хоёр арилжаа хийгдсэн талаар CNN мэдээлж байсан аж.
Сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах зах зээлийн арилжаа энэ онд эрс нэмэгдэж, оролцогчид худалдан авсан хувьцаагаа сонгуулийн эцсийн дүн гарахаас өмнө хүссэн үедээ худалдах боломжтой. Иймээс Эбботтыг ялна гэж таамаглан арилжаа хийсэн хүмүүсийн хувьд сонгуулийн дүн гарахаас өмнө хувьцаагаа зарсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
CNN-ийн мэдээлснээр, дээрх өндөр дүнтэй арилжаануудыг Уолл-стритийн брокерууд хийсэн бөгөөд байгууллагын хөрөнгө оруулагчид сонгуулийн үр дүнгээс үүдэх санхүүгийн эрсдэлээ бууруулах зорилгоор ийм төрлийн зах зээлийг ашигладаг аж. Арилжааг таамаглалын платформуудыг хянадаг Betting Intelligence анх илрүүлжээ.
Дашрамд дурдахад, CNN Kalshi платформтой хамтран ажилладаг бөгөөд сонгууль зэрэг томоохон үйл явдлын талаарх мэдээлэл бэлтгэхдээ тус платформын өгөгдлийг ашигладаг байна. Харин CNN-ийн ажилтнуудад сонгуулийн таамаглалын платформ дээр арилжаа хийхийг хориглодог аж.
Трамп сонгуулийн ялагдлыг Ирантай холбоотой дайнтай холбон тайлбарлав
Бүгд найрамдах намын сонгуулийн ялагдлын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп хэд хэдэн хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "The Wall Street Journal" сонинд өгсөн ярилцлагадаа Ирантай холбоотой дайн намынх нь сонгуулийн ялагдалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж буйгаа хэлсэн байна.
Мөн засаг захиргааныхаа бүрэлдэхүүнд боловсон хүчний өөрчлөлт хийх төлөвлөгөө одоогоор байхгүйгээ мэдэгдсэн бөгөөд 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших боломжтой олон улс төрч байгаа ч хэнийг дэмжих талаар ярихад эрт байгааг онцолжээ.
Харин өөрийнх нь дэмжлэгийг авч байсан ч сонгуульд ялагдсан зарим нэр дэвшигчийн тухайд өөртэй нь зөрчилдөж, эсэргүүцэж байсан нь ялагдалд нь нөлөөлсөн гэж тайлбарласан байна. Үүний зэрэгцээ Бүгд найрамдах намын сонгуулийн тойргийн хуваарилалтыг өөрчлөх замаар давуу байдал олж авахыг зорьсон 15 тойргийн дор хаяж наймд нь Ардчилсан нам хяналтаа хадгалж үлдсэн бол дөрвөөс доошгүй суудлыг өрсөлдөгч намаас авчээ. Энэ талаар CNN-ийн урьдчилсан тооцоонд дурдсан байна.
Ардчилсан намынхан ялалтаа тэмдэглэж, Бүгд найрамдах намын нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрөв
Сонгуулийн дүн тодорхой болж эхэлмэгц Ардчилсан намын нэр дэвшигчид болон дэмжигчид улс орон даяар ялалтаа тэмдэглэжээ. Калифорни мужийн Ксавье Бесерра дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ “Одоо энд шинэ удирдагч гарч ирлээ” хэмээн мэдэгдсэн байна. Канзас мужид ялалт байгуулсан Адам Хамилтон улс төрийн үзэл баримтлалаас үл хамааран мужийн иргэд Вашингтон дахь өнөөгийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа сонгуулиар илэрхийллээ гэжээ.
Харин Айова мужийн Жош Турек хоёр намын сонгогчдод илүү сайн ирээдүйг бий болгохын төлөө ажиллах шаардлагатайг онцолж, “Бид Айова мужийн улс төрийн нөхцөл байдлыг өөрчилж чадлаа” хэмээн мэдэгдсэн байна.
Нөгөө талд Бүгд найрамдах намын нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөдөө баяр хүргэж эхэлжээ. Тухайлбал, Техас мужийн амбан захирагч Грег Эбботт Ардчилсан намаас нэр дэвшигч Жина Хинохоса руу утсаар холбогдон ялалтад нь баяр хүргэж, эрх мэдэл шилжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Мөн Техас мужийн сенатор Кен Пакстон дэмжигчдэдээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ Ардчилсан намаас нэр дэвшигч Жеймс Таларикод баяр хүргэжээ. Охайо мужийн Сенатын сонгуульд өрсөлдсөн сенатор Жон Хастед ч ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгч Шеррод Браунд баяр хүргэсэн байна.
Ийнхүү Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болохоор болсон нь Трампын засаг захиргааны үлдсэн хугацаанд АНУ-ын улс төрийн харилцаа, хууль тогтоох үйл явцад томоохон өөрчлөлт авчрах нөхцөлийг бүрдүүлж байгаа ажээ
Эх сурвалж: CNN