Украины Аюулгүй байдлын алба (СБУ) болон Ерөнхий прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Юлия Менделюд эх орноосоо урвасан (Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг), мөн Украины эсрэг дайныг зөвтгөсөн (436-2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг) гэх үндэслэлээр эзгүйд нь эрүүгийн хэрэгт сэжигтнээр татах тухай мэдэгдэл хүргүүлжээ. Энэ талаар тус байгууллагууд арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гарагт албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон баримтуудаас үзэхэд Мендель өөрийн олон нийтийн танил байдал болон төрийн харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагаа ашиглан “түрэмгийлэгч улсын ашиг сонирхолд нийцсэн, Украины нэр хүндийг унагаж, олон улсын дэмжлэгийг нь сулруулахад чиглэсэн мэдээллийн агуулга, үзэл санааг түгээж” байжээ.
Тухайлбал, тэрбээр Америкийн сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа “Украин улс мөхлийн ирмэг дээр байна гэдэгт би итгэдэг”, “Миний үндэстэн доройтож байгааг та харж байна” хэмээн мэдэгдсэнийг тус газрын мэдээлэлд онцолсон байна. Түүнчлэн Мендель Украинд ардчилал, үг хэлэх эрх чөлөө байхгүй, мөн тус улсын эрх баригчид дайныг үргэлжлүүлснээр ашиг хонжоо олж байгаа гэх агуулгатай нийтлэл, мэдэгдлүүдийг нийгмийн сүлжээнд нийтэлж байсныг дурджээ.
Ерөнхий прокурорын газраас “Шинжээчийн дүгнэлтээр түүний мэдэгдлүүд нь мэдээллийн салбар дахь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зөрчлийн шинж тэмдгийг агуулж байгааг тогтоосон” гэж мэдэгдсэн байна. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар, Менделийн тараасан мэдээллүүд нь олон улсын олон нийтийн дунд Украиныг цаашид дэмжих шаардлагагүй улс мэтээр, харин тус улсын удирдлагыг энх тайванд хүрэхэд саад болж буй хүчин мэтээр ойлгуулах зорилготой байжээ.
Мендель: Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан нь миний зөв байсныг нотолж байна
Мендель өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан түүнд эрүүгийн хэрэгт сэжигтнээр татах мэдэгдэл хүргүүлснийг тайлбарлахдаа, энэ нь Зеленскийн хүрээлэл дэх авлига, үг хэлэх эрх чөлөөний хязгаарлалт болон улс төрийн хавчлагын талаар өөрийнх нь хэлж ирсэн зүйлс үнэн болохыг харуулж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага болон нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдээллийнхээ төлөө ийм хэрэгт татагдаж байгааг онцолсон байна.
Мендель Facebook хуудастаа “Хэрэв би үнэхээр оросуудтай хамтран ажилласан бол тэд яг энэ тухай л бичих байсан. Гэвч тийм хамтын ажиллагаа огт байхгүй. Харин миний ярилцлага болон нийгмийн сүлжээн дэх нийтлэлүүдэд орсон зарим мэдэгдлийг оросууд хожим нь суртал ухуулгадаа ашигласан гэж бодож байна. Тэгэхээр энд яригдаж буй асуудал бол оросуудтай хамтран ажилласан тухай биш, харин үг хэлэх эрх чөлөөний тухай юм” хэмээн бичжээ.
Украины Аюулгүй байдлын албаны мэдээлснээр, Мендель эх орноосоо явсан тул түүнд сэжигтнээр татах мэдэгдлийг эзгүйд нь хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар Мендель улс орноосоо явсан шалтгааныхаа талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.
Мендель 2019-2021 онд Зеленскийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ
Юлия Мендель 2019 оны зургадугаар сараас буюу Владимир Зеленскийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш 2021 оны долдугаар сар хүртэл түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан байна. Түүний олны анхаарлыг хамгийн их татсан ярилцлагуудын нэг нь 2026 оны тавдугаар сард Америкийн сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлага байв.
Тэрхүү ярилцлагын үеэр Мендель нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлд үндэслэн, 2022 оны хавар Оростой хийсэн хэлэлцээний үеэр Зеленский Донбассыг орхихыг биечлэн зөвшөөрсөн талаар мэдэгджээ. Мөн Украины төрийн тэргүүнийг дарангуйлагч хэмээн нэрлэсэн байна.
2026 оны есдүгээр сард Зеленский Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн (ҮАБЗ) Менделийн эсрэг авсан хориг арга хэмжээний шийдвэрийг хүчин төгөлдөр болгожээ. Уг зарлигт Менделийг “худал мэдээлэл болон Оросын суртал ухуулгыг түгээж, Оросын Украины эсрэг явуулж буй түрэмгий бодлогыг дэмжсэн” гэж тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: DW