БНАСАУ лхагва гарагт АНУ-тай хэлэлцээ хийх нь энх тайвныг тогтоох нэг сонголт хэвээр ч энэ нь тус улсын үндэсний эрх ашгийн төлөө заавал байх албагүй гэж мэдэгджээ. Түүнчлэн Пёньяныг криптовалютын томоохон хулгайд холбоотой гэж АНУ буруутгаж байгааг Вашингтоноос тэдний эсрэг явуулж буй дайсагнасан хандлагын тод илрэл хэмээн дахин онцолсон байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны нөлөө бүхий дүү Ким Ё Жон энэхүү мэдэгдлийг хийгээд, Вашингтоноос ирж буй "дайсагнасан дохио зангаа" нь тус дэглэмийг АНУ-ын "үнэн төрх"-ийг эргэж харахад хүргэж байна гэжээ.
Ким Ё Жон "Энх тайвныг сонгоход хэлэлцээ мэдээж багтах боловч энэ нь манай улсын хувьд үндэсний эрх ашигтай заавал дүйцнэ гэсэн үг биш" хэмээн мэдэгдсэнийг Умардын албан ёсны Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) дамжуулсан байна.
Тэрбээр дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох "Binance"-аас 6 тэрбум гаруй ам.долларын криптовалют хулгайлсан хэргийн ард Умард Солонгосын дэглэм байгаа гэх АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны дүгнэлтийг няцааснаас нэг өдрийн дараа энэхүү мэдэгдэл гарчээ. Тэр үүнээс өмнө ийнүү буруутгаж байсныг Умард Солонгосын эсрэг хийсэн "улс төрийн ноцтой өдөөн хатгалга" гэж нэрлэж байсан аж.
Ким Ё Жон лхагва гарагт тус улсын албан ёсны нэр болох Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг (БНАСАУ) дурдан "Умард Солонгос криптовалют хакердсан гэх гүтгэлэг бол АНУ-аас манай улсын эсрэг явуулж буй дайсагнасан бодлогын мөн чанарыг харуулах мөсөн уулын зөвхөн орой нь юм" хэмээн дахин тэмдэглэжээ.
Ким Ё Жон АНУ-ын дайсагналын бусад жишээ болгон саяхан Өмнөд Солонгос, АНУ, Японы дээд хэмжээний дипломатууд уулзаж, Умард Солонгосыг бүрэн цөмийн зэвсгээс ангижруулах амлалтаа дахин нотолсон явдал болон АНУ-ын хийж буй олон удаагийн хамтарсан цэргийн сургуулилалтуудыг дурдсан байна.
Тэр "Пёньяны эсрэг чиглэсэн дайсагнасан бодлоосоо АНУ татгалзах нь бүх асуудлыг шийдвэрлэх гол үндэс бөгөөд түлхүүр нь юм" гээд, хэрэв тийм зүйл болохгүй бол Умард Солонгос АНУ-тай яриа хэлэлцээ хийх ямар ч шалтгаан байхгүй гэж нэмж хэлжээ.
Тэрбээр "Сөргөлдөх бодлогоосоо татгалзахаас татгалзаж буй ийм итгэл хүлээлгэх аргагүй, дайсагнагч этгээдүүдтэй нүүр тулан суух шаардлага байхгүй гэдэг нь манай улсын тодорхой байр суурь юм" гэж хэлсэн байна.
Түүнчлэн Ким Ё Жон "АНУ-аас ирж буй дайсагнасан үйлдлүүдэд Пёньян хариу арга хэмжээ авах болно" гэж анхааруулжээ.
Тэр "АНУ-аас БНАСАУ-ын эсрэг чиглэсэн дайсагнасан бодлоо хэрэгжүүлэхдээ шинэ дээд амжилт тогтоож буй өнөөгийн бодит байдалд, манай улс үүний хариуд сөрөг ажиллагаа явуулж, шинэ дээд амжилт тогтоох нь зүй ёсны хэрэг юм" гэж хэлсэн байна.
Гэхдээ Ким Ё Жон Пёньян яг ямар хариу арга хэмжээ авах талаар тодорхой дурдаагүй ажээ.
Эх сурвалж: YONHAP