The Wall Street Journal (WSJ) сонин болон CNN теле сувгийн мэдээлсснээр, АНУ Ираны Кешм аралд цохилт өгсөн байна. Ормузын хоолой дахь хамгийн том арал болох тус арал руу арваннэгдүгээр сарын 2-ны даваа гарагт довтолсон талаар WSJ сонин тухайн өдөр Америкийн засаг захиргааны нэрээ нууцалсан албаны хүмүүсийн эх сурвалжтайгаар мэдээлжээ.
WSJ: АНУ сүүлийн долоо хоногуудад Иранд нууцаар цохилт өгч байжээ
Энэхүү довтолгооны өмнө АНУ сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ираны нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа нууц, хязгаарлагдмал цохилтууд өгч байсныг тус хэвлэл тэмдэглэсэн байна. Засгийн газрын зарим төлөөлөгчид эдгээр үйлдлийг "өөрийгөө хамгаалах шинжтэй" гэж тодорхойлжээ. Мөн "Тэдгээрийн зорилго нь Ираныг Ормузын хоолой дахь худалдааны хөлөг онгоцууд руу ямар ч саадгүйгээр үргэлжлүүлэн халдахаас сэргийлэх явдал" гэж мэдэгджээ.
Эдгээр ажиллагаа нь хэсэгчилсэн шинжтэй байсан бөгөөд Ираны эсрэг бүрэн хэмжээний цэргийн ажиллагааг сэргээх зорилготой мэт сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд зориуд нууцалж байж. Одоогийн байдлаар АНУ-ын Төв командлалаас ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм байна.
CNN-д өгсөн ярилцлагадаа Америкийн гурван албан тушаалтан Кешм аралд өгсөн цохилтыг мөн л "өөрийгөө хамгаалах" болон тус бүс нутаг дахь АНУ-ын объектуудыг хамгаалах зорилготой байсан гэж нэрлэжээ.
Үүний зэрэгцээ Axios-ийн сурвалжлагч Барак Равид Х (хуучнаар Twitter) сүлжээндээ "Арваннэгдүгээр сарын 2-нд шилжих шөнө Исламын хувьсгалт гвардийн корпус (ИХГК) Кешм арлаас Ормузын хоолойд байсан Америкийн нисэх онгоц руу пуужин харвасан" гэж бичжээ. Үүний дараа АНУ-ын сөнөөгч онгоц өөрийгөө хамгаалах зорилгоор "газар-агаар" ангиллын пуужин харвагч төхөөрөмжийг устгасан гэж сэтгүүлч бичсэн байна.
Иран Кешм арал дээр дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ
Үүнээс өмнө Ираны төрийн өмчит ИРНА мэдээллийн агентлаг Кешм арал дээр дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ. Тэдний мэдээлснээр, арал дээр таван удаагийн дэлбэрэлт нүргэлсэн байна. Мөн нутгийн оршин суугчид тэнгэрт хоёр нисэх онгоц байхыг харсан гэж хэлснийг AFP агентлаг уламжилжээ.
Кешм арал нь АНУ болон Ираны цэргийн мөргөлдөөний гол зангилаа цэг болоод буй, мөн дэлхийн газрын тос, хийн худалдаанд асар том ач холбогдолтой Ормузын хоолойд оршдог.
Хоёрдугаар сард АНУ болон Израиль Ираны эсрэг дайн эхлүүлснээс хойш Тегеран Ормузын хоолойг бараг бүрэн хааж, тэнд байгаа худалдааны хөлөг онгоцууд руу тогтмол халдаж байгаа аж. Үүний хариуд АНУ Ираны боомтуудад тэнгисийн бүслэлт хийж эхэлсэн байна.
Арваннэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулийн өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс нар Ирантай ойрын хугацаанд энхийн хэлэлцээр байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Трамп "Энэ бүхэн биелэх боломжтой!" гэж өөрийн "Truth Social" олон нийтийн сүлжээндээ бичсэн байна. Тэрбээр мөн газрын тосны үнэ "чулуу шиг" хурдан унаж байгааг нэмж дурджээ.
Эх сурвалж: DW