АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын хяналтад байгаа Херсон мужийн Алёшки (украинаар Олешки) хотод гал зогсоох дэглэмийн асуудлыг хэлэлцэхээр Украин болон Оросын төлөөлөгчидтэй Вашингтон хотноо уулзах аж.
Энэ тухай мэдээлэл Цагаан ордны албан ёсны цахим хуудаст арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гарагт нийтлэгджээ. Мөн уг мэдээлэлд Дональд Трампын гэргий Алёшки хотод хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн даалгаврын үр дүнгийн талаар арваннэгдүгээр сарын 5-ны пүрэв гарагийн Зүүн эргийн цагаар 11:00 цагт албан ёсны мэдэгдэл хийнэ гэж бичсэн байна. Харин Киев болон Москвагийн төлөөлөгчидтэй хийх уулзалт яг тэр өдөр болох эсэхийг тодорхой дурдаагүй аж.
"РБК-Украина" агентлагийн мэдээлснээр, Меланиа Трамптай уулзахаар Цагаан ордныг зорих төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Украины талаас "Ард түмний зарц" (Слуга народа) фракцын дарга Давид Арахамия, Дээд Радагийн Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Дмитрий Лубинец нар, Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев, Хүний эрхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Яна Лантратова нар багтжээ.
Алёшки хот дахь хүмүүнлэгийн түр зогсолт
Алёшки хот болон түүний орчмын бүс нутагт тогтоосон гал зогсоох дэглэм аравдугаар сарын 27-ны үүрээр эхэлж, арваннэгдүгээр сарын 1-ний 22:59 цагт дуусгавар болсон байна. Энэхүү тохиролцоонд АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампын оролцоотойгоор хүрсэн бөгөөд Москва болон Киев хоёулаа түүнийг гал зогсоох ажиллагааг зохион байгуулахад гол зуучлагч байсныг онцолж буй юм.
Хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд тус хотоос олон зуун энгийн иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж чадсанаас гадна хүмүүнлэгийн тусламжийн ачаа хүргэсэн байна.
Эх сурвалж: DW