Бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа Монгол Улс Агаарын цэргийн хүчээ шинэчлэхээр Чех улсаас "L 410 NG" болон "L-39 Skyfox" онгоц худалдан авахаар төлөвлөж байгаа талаарх мэдээллийг онцолж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисгэгчдийг сургах хөтөлбөрийг өргөжүүлэх болон иргэний нисэхийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор Бүгд Найрамдах Чех Улсаас цэргийн зориулалттай нисэх онгоцууд худалдаж авахаар төлөвлөж байгаа талаар олон улсын цэргийн төрөлжсөн "Militarnyi" болон Чехийн "Armádní noviny" зэрэг нөлөө бүхий хэвлэлүүд онцлон мэдээлжээ.
Прага хотноо зохион байгуулагдсан "Future Forces Forum" олон улсын үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Чехийн "Omnipol Group" компанийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монголын тал эхний ээлжинд "L 410 NG" загварын хоёр хөдөлгүүртэй, олон зориулалттай тээврийн хоёр ширхэг онгоцыг 2026 оны сүүлийн кварталын төсөвтөө багтаан худалдан авахаар тохиролцжээ. Үүнээс гадна Чехийн тал Монгол Улсын иргэний болон цэргийн нисэх онгоцны буудлуудын дэд бүтцийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажилд хамтран оролцохоор заасан байна.
Мөн Монголын цэргийн төлөөлөгчид "Aero Vodochody" компанийн хөгжүүлсэн шинэ үеийн "L-39 Skyfox" тийрэлтэт сургалт-дайралтын онгоцыг онцгойлон сонирхож, худалдан авах асуудлыг хэлэлцсэн нь Монгол Улсын батлан хамгаалах салбарт стратегийн өндөр ач холбогдолтой шийдвэр болжээ.
Өдгөө Монгол Улсын байлдааны тийрэлтэт нисэхийн гол цөмийг ОХУ-аас цэргийн тусламжаар авсан хоёр суудалтай зургаан ширхэг "MiG-29UB" сөнөөгч онгоц бүрдүүлдэг ч тэдгээрийг нисгэгчдийн өдөр тутмын сургуулилтад тогтмол ашиглах нь ашиглалтын болон засвар үйлчилгээний асар өндөр зардал дагуулдаг байна.
Иймд шинэ "Skyfox" онгоц авснаар төсөвт их хэмжээний ачаалал өгөхгүйгээр нисгэгч бэлтгэх хөтөлбөрөө илүү үр ашигтай өргөжүүлэх боломж бүрдэх аж. Түүнчлэн "L-39 Skyfox" онгоц нь сургуулилтаас гадна хөнгөн дайралт болон агаарын эргүүлийн үүрэг гүйцэтгэх чадвартай юм байна.
Үйлдвэрлэгч компаниас уг онгоцыг тусгай "Drone Hunter" (Дрон ангууч) тохиргоотойгоор 70 мм-ийн удирдлагат пуужин болон тусгай оптик-электрон системээр тоноглож, орчин үеийн аюул занал болох дронуудын эсрэг ашиглах бүрэн боломжтойг онцолжээ.
Монголын зэвсэгт хүчин өмнө нь Чехословакийн үеийн "L-39 Albatros" сургалтын тийрэлтэт онгоц ашиглаж байсан баялаг уламжлал, туршлагатай тул шинэ үеийн "Skyfox" загвар руу шилжих нь тактикийн болон техникийн хувьд маш оновчтой, логиктой зөв алхам гэж цэргийн шинжээчид үзэж буй юм байна.
Эх сурвалж: MILITANYI, ARMADNI NOVINY