ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Европын Холбооноос элдэв шалтаг зааж, Украины мөргөлдөөнийг түр зогсоохыг уриалж байгаа нь дайныг улам сунжруулах зорилготой" хэмээн мэдэгджээ.
Тэрбээр Минск хотноо зохион байгуулагдсан Евразийн аюулгүй байдлын олон улсын IV бага хурлын нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ “Брюссель манай улсын эсрэг тэмцэлдээ айдас төрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж буй Украины хямралын талаарх тэдний гомдол, тэр дундаа гал зогсоох, эсвэл эрчим хүч, хүнс, агаарын болон тэнгисийн тээврийн түр эвлэрэл байгуулах тухай уриалгыг сонсох үед тэдний гол зорилго энх тайвныг тогтоох биш гэдэг нь харагддаг. Бид үүнийг өмнө нь олон удаа харж байсан” хэмээн тэмдэглэжээ.
Лавров цааш нь “Эдгээр бүх уриалга нь гаднах ивээн тэтгэгчдийнхээ тусламжтайгаар Киевийн дэглэмд байлдааны чадвараа эргүүлэн сэргээх амьсгаа авах хугацаа (завсарлага) олгоход л чиглэгдэж байгаа юм” гэж хэлсэн байна.
Оросын Гадаад хэргийн сайд Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замын талаар ярихдаа Москвагаас “удаа дараа мэдэгдэж байсан шиг түр зуур гал зогсоохыг биш, харин хямралын суурь шалтгаануудыг үндсээр нь шийдвэрлэхийг” шаардаж буй талаар онцолжээ.
Түүний үзэж буйгаар, эдгээр шалтгаанд “Өрнөдийн орнуудаас ОХУ-ын аюулгүй байдалд учруулж буй стратегийн заналхийлэл, НҮБ-ын Дүрэм болон Украины Үндсэн хуулиар баталгаажсан Украины орос болон орос хэлтэй хүн амын эрхийг зөрчиж буй явдал, мөн нацизмын үзэл санаа, үйл ажиллагааг устгах” зэрэг асуудлууд багтаж буй аж.
Эх сурвалж: TASS