ОХУ Украины нийслэл Киев болон бусад мужуудын эрчим хүчний дэд бүтцийн барилга байгууламжуудад үргэлжлүүлэн цохилт өгсөөр байгаа аж.

Украины Эрчим хүчний дэд сайдын нэгдүгээр орлогч Артем Некрасовын 11 дүгээр сарын 3-ны мягмар гарагийн өглөө хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээллээр, нийт 10 мужийн эрчим хүчний объектууд халдлагад өртжээ. Үүнд: Винница, Днепропетровск, Запорожье, Житомир, Ровно, Одесс, Чернигов, Черновцы, Хмельницкий болон Харьков мужууд багтсан байна.

Албаны хүний мэдэгдсэнээр, Оросын тал цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах болон түгээх системийн дэд станцууд, түүнчлэн дулааны цахилгаан төвүүдэд пуужин болон дроноор байнга цохилт өгчээ. Зөвхөн өнгөрсөн хоногт л гэхэд эрчим хүчний дэд бүтэц рүү чиглэсэн 20 гаруй удаагийн халдлага бүртгэгдсэн байна.

Украины аль бүс нутагт нөхцөл байдал хамгийн хүнд байна вэ?

Украины Эрчим хүчний яамны 11 дүгээр сарын 3-ны өглөөний мэдээгээр, цахилгаан хангамжийн хамгийн хүнд нөхцөл байдал Винница, Житомир, Харьков мужуудад үүсээд байгаа аж. Эдгээр бүс нутгийн эрчим хүчний дэд бүтэц асар их хохирол амссан бөгөөд тоног төхөөрөмжүүд сүйдсэний улмаас хэрэглэгчдэд цахилгаан дамжуулах боломж алдагджээ.

Албаны хүн "Тоног төхөөрөмжийн эвдрэл болон өндөр хүчдэлийн сүлжээн дэх хүчдэлийн уналтаас шалтгаалан Киев хот, Киев муж, Полтава, Сумы, Чернигов, Черкассы болон Харьков мужуудад аваарийн цахилгаан хязгаарлалтыг арга буюу хэрэгжүүлж эхэлсэн" гэж нэмж дурдсан байна.

Цахилгаан эрчим хүчний яаралтай хязгаарлалт

Украины эрчим хүчний ДТЭК компани өглөө нь Telegram сувгаараа "Укрэнерго" компанийн тушаалаар улсын нийслэл Киев хот, мөн Киев болон Днепропетровск мужуудад цахилгаан эрчим хүчний яаралтай (экстренные) хязгаарлалт хийсэн талаар мэдээлжээ.

Түүнчлэн 11 дүгээр сарын 3-ны өглөө ДТЭК компани Одесс мужийн өмнөд хэсэгт байрлах өөрийн эрчим хүчний объект Оросын цохилтод өртсөн талаар мэдээлсэн байна. Мэдээлэлд "Маш их барилга байгууламж сүйтгэгдэж байна. Тоног төхөөрөмжийг сэргээн засварлахад хугацаа шаардагдана" гэж дурдсан бөгөөд цахилгаанчид хэдийнэ сэргээн босголтын ажлыг эхлүүлжээ.

Одесс муж: ДТЭК "Одессын цахилгаан сүлжээ" компанийн объект сүйджээ

Одесс мужийн цэргийн захиргааны тэргүүн Олег Кипер Telegram хуудсандаа Оросын халдлагын улмаас ДТЭК "Одессын цахилгаан сүлжээ" компанийн объект гэмтсэнийг тодотгосон байна. Тэрбээр уг объект сүүлийн хоёр сарын хугацаанд хэд хэдэн удаа буудалдаанд өртөж байсныг сануулжээ.

Кипер "Эрчим хүчний тоног төхөөрөмжийн ноцтой эвдрэл нь цахилгаан тасалдах шалтгаан боллоо. Мэргэжилтнүүд хор уршгийг арилгахаар ажиллаж байна. Мөн хүнсний үйлдвэрийн захиргааны барилга, агуулах, үйлдвэрлэлийн цехүүд сүйдсэн. Азаар бэртэж гэмтсэн хүн байхгүй" гэж бичжээ.

Житомир мужийн цахилгаан таслалт

Украины Онцгой байдлын албаны мэдээгээр, 11 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Оросын тал Житомир мужийн хоёр дүүргийн онц чухал дэд бүтцийн объектуудыг мөн бууджээ.

Мужийн цэргийн захиргааны тэргүүн Виталий Бунечко Telegram хуудсаараа дамжуулан "2026 оны 11 дүгээр сарын 3-ны өглөөний байдлаар 130 орчим суурин газар (180 гаруй мянган хэрэглэгч) цахилгаан хангамжгүй болоод байна.

Цохилтын улмаас амь үрэгдсэн болон бэртсэн хүн байхгүй. Эрчим хүчний ажилчид мужийн оршин суугчдын цахилгааныг сэргээхээр үргэлжлүүлэн ажиллаж байна" гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: DW