Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр (2026.11.03) "10 саяын" бичлэгт холбогдсон гэх асуудлаар мэдээлэл хийв.
Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн бямба гарагт “madina.dina08” нэртэй Instagram хаягаар төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой, 10 сая төгрөгийн мөнгөн гүйлгээ хийсэн тухай дүрс бичлэг, мэдээлэл нийтлэгдсэн.
Уг бичлэг дээрх эрэгтэйг Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон гэсэн мэдээлэл мөн гарсан. Үүнтэй холбоотойгоор М.Онон өөрийгөө тухайн бичлэг дээрх хүн биш болохыг мэдэгдэж, гэртээ орж, гарч буй камерын бичлэгээр үүнийг нотлох боломжтойг хэлэв. Улмаар тэрбээр нэр төрөө сэргээлэгэхээр, хуулийн байгууллагад хандахаа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Би төмөр замын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Энэ бичлэг дээр гарч байгаа хүнтэй өөрийгөө яаж ч харсан адилхан гэж бодохгүй байна. Би амьдралдаа хэзээ ч ийм унжсан үстэй байж үзээгүй, надад ийм сахал, үс ч байхгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна.
Яг ямар зорилгоор намайг ингэж харлуулж байгааг ойлгохгүй байна. Магадгүй манай салбарын хэн нэгэн над руу ингэж дайрч байгаа юм болов уу гэж бодож байгаа ч яг хэн, ямар шалтгаанаар ийм зүйл хийж байгааг мэдэхгүй байна.
Би өөрийгөө энэ бичлэг дээрх хүн биш гэдгийг нотолж чадна. Гэртээ орж, гарч байгаа камерын бичлэгээр өөрийгөө нотлох боломжтой. Тэр эмэгтэйг би амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй, таних ч үгүй. Ингэж гүтгүүлж, доромжлуулж байгаадаа маш их гомдолтой байна.
Би аав хүн, эхнэр маань бие давхар. Одоо гэр бүлийнхээ төлөө санаа зовж, үнэхээр хүнд байдалд ороод байна. Өндөр настай эцэг, эхийн минь санаа ч зовж байна. Би хоёр өдрийн турш нойр хоолгүй, асар их дарамттай явлаа.
Иймээс цахим орчинд гүтгүүлж, нэр төрд минь халдсан энэ үйлдлийн үнэн зөвийг тогтоолгож, нэр төрөө сэргээх зорилгоор Цагдаагийн байгууллагад хандсан. Энэ асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, өөрийгөө гэм буруугүй болохыг нотолно” гэв.
Э.ЦЭЦЭН