ОХУ-ын Засгийн газар нефть-химийн үйлдвэрийн зарим төрлийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн бус орнуудад экспортлохыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргажээ. 

ОХУ-ын Засгийн газрын цахим хуудаст мэдээлснээр, "ОХУ-аас Евразийн эдийн засгийн холбооны нутаг дэвсгэрээс гадна нефть-химийн зарим төрлийн бүтээгдэхүүн экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай" тогтоолд гарын үсэг зурсан байна.

Энэхүү шийдвэр нь ОХУ-ын дотоодын үйлдвэрийн газруудыг шаардлагатай түүхий эдээр тогтвортой хангах зорилготой аж. Тодруулбал, экспортын хязгаарлалт гурван сарын хугацаанд үйлчлэх бөгөөд дараах бүтээгдэхүүнүүдийг хамарч байгаа аж. Үүнд:

-Чулуун нүүрсний болон нефтийн гаралтай бензол;
-Толуол;
-Орто-ксилол;
-Пара-ксилол;
-Фенол зэрэг бүтээгдэхүүн багтжээ.

Эдгээр химийн бүтээгдэхүүнийг автомашин, нисэх онгоц, усан онгоц болон төмөр замын машин үйлдвэрлэлийн салбарт ашигладаг будаг, лак, өнгөлгөөний материал үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг. Мөн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шалны хучилтын материал, кабелийн бүтээгдэхүүний тусгаарлагч материал болон анагаах ухааны салбарын үйлдвэрлэлд ашигладаг байна.

Уг хориг дараах төрлийн экспортод хамаарахгүй болохыг ОХУ-ын Засгийн газраас мэдэгджээ. Үүнд:

-Олон улсын транзит тээвэрлэлтийн хүрээнд хийгдэх нефть-химийн бүтээгдэхүүний тээвэрлэлт;
-Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүн;
-Шпицбергенийн архипелагт үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын байгууллагуудын хэрэгцээг хангах зориулалттай нийлүүлэлт зэрэг багтаж байгаа аж.

Эх сурвалж: TASS