“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьтай, үүнээс барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дуусаж, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байгаа аж.
Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатар “Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу явагдаж байна. Энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв. Төслийн талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байгаа ажээ.
Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан үйлдвэрлэж, 270 МВт-ыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм байна. Мөн нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.