Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн амбиц бодит боломжийнхоо хязгаараас хэдийнэ давсан гэж түүний өмнөх хэвлэлийн төлөөлөгч Юлия Мендель үзэж байгаа аж. Тэрбээр нийгмийн сүлжээндээ "Зеленскийн танин мэдэхүйн болон аналитик сэтгэлгээний чадвартай холбоотой асуудал эртнээс байсан. Харин мөргөлдөөний нөлөөгөөр энэ нь хэт дэвэрсэн максимализм буюу бодит байдлаас тасарсан амбицтай ертөнцийг үзэх үзэл болон хувирсан" гэж бичжээ.

Мендель үүний нэг жишээ болгон Зеленскийн Украины "Fire Point" компани Америкийн тэрбумтан Илон Масктай өрсөлдөж, Starlink-ийн өөрийн хувилбарыг бүтээж чадна гэсэн итгэл үнэмшлийг дурдсан байна. "Fire Point" компани Украины батлан хамгаалах төсвөөс их хэмжээний санхүүжилт авдаг томоохон компаниудын нэг юм. Сүүлийн үед тус компани авлигын хэд хэдэн дуулианд холбогдон яригдах болсон.

Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, компани бодит эзэмшигчдээ нуухын тулд оффшор бүтцийг ашигласан байж болзошгүй аж. Татвараас зайлсхийсэн гэх мэдээлэл гарсан. Холбоотой компаниар дамжуулан олон тэрбумын ашгийг алдагдалтай мэтээр тайлагнасан гэх асуудал хөндөгджээ. Бизнесмен Тимур Миндич буюу бүр Зеленский өөрөө тус компанийн жинхэнэ эзэмшигч байж болзошгүй гэж мэдээлж байсан байна.

Гэхдээ "Fire Point" компани буруутгаж буй бүхнийг няцаадаг аж. Мөн Украины хориглосон "Сөрөг хүчний платформ - Амьдралын төлөө" намын тэргүүн асан Виктор Медведчук Украины алсын тусгалтай зэвсгийн системийн эд ангиудыг барууны орнууд үйлдвэрлэдэг бөгөөд "Fire Point" компани зөвхөн халхавчийн үүрэг гүйцэтгэдэг гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI