Италийн уралдаанч Кими Антонелли “Формула-1”-ийн дэлхийн аварга болж, тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга уралдаанчаар тодорчээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 1-нд Мехико хотод болсон Мексикийн гран-прид гуравдугаар байр эзэлснээр анх удаа дэлхийн аваргын цол хүртэх болзлоо хангасан байна.

Антонелли 20 нас 68 хоногтойдоо аварга болсон нь өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан Германы Себастьян Феттелийн рекордыг шинэчилжээ. Феттел 2010 онд 23 нас 133 хоногтойдоо анх удаа “Формула-1”-ийн дэлхийн аварга болж байсан жа. 

Мексикийн гран-прид Верстаппен түрүүлэв

Мексикийн гран-при буюу 2026 оны улирлын 19 дэх гараанд “Red Bull” багийн уралдаанч, Нидерландын Макс Верстаппен түрүүлжээ. Тэрбээр уралдааны турш хүчтэй өрсөлдсөн “Ferrari” багийн Льюис Хэмилтоныг барианд 0.799 секундээр түрүүлж, энэ улирлын гурав дахь ялалтаа авсан байна.

Долоон удаагийн дэлхийн аварга Хэмилтон хоёрдугаар байрт орсон бол Антонелли гуравдугаар байрт шалгарчээ. Ийнхүү уралдаанд түрүүлээгүй ч Антонелли аваргын цомоо баталгаажуулсан байна. 

Уралдаан нэлээд ширүүн өрнөжээ. “Cadillac” багийн Валттери Боттас осолдож, хамгаалалтын хашлага эвдэрсний улмаас уралдааныг улаан тугаар зогсоосон байна. Үүний дараа уралдаанчид дахин гараанаас уралдаанаа үргэлжлүүлжээ. Мөн уралдаан дуусахад найман тойрог үлдэх үед Арвид Линдблад осолдож, хамгаалалтын машин замаас гарсан байна. 

Аваргын чансаа ба багуудын өрсөлдөөн

Мексикийн гран-прийн дараах уралдаанчдын чансааг Антонелли 380 оноогоор тэргүүлж байна. Верстаппен 261, Хэмилтон 259 оноотойгоор удаалжээ. Антонелли ийнхүү өрсөлдөгчдөөсөө онооны хувьд тасарч, улирал дуусахаас өмнө аваргын цомоо баталгаажуулсан байна. 

Багуудын чансаанд “Mercedes” 630 оноогоор тэргүүлж байгаа бол “Ferrari” 504 оноотойгоор хоёрдугаарт бичигджээ. “Mercedes” дараагийн гараанд багийн аваргын цомоо мөн баталгаажуулах боломжтой аж. 

2026 оны “Формула-1”-ийн дараагийн гараа арваннэгдүгээр сарын 6–8-нд Бразилд болох хуваарьтай байна.

Түүхэн амжилтын тухайд: Антонелли 1953 онд Альберто Аскари аварга болсноос хойш “Формула-1”-ийн дэлхийн аварга болсон Италийн анхны уралдаанч болжээ. Мөн 21-р зуунд төрсөн анхны дэлхийн аварга уралдаанчаар тодорсон байна. 

Эх сурвалж: TASS, REUTERS, FIA, FORMULA1