Украины Агаарын цэргийн хүчин ням гарагийн орой иргэдэд агаарын довтолгооны аюулын талаар мэдээлдэг албан ёсны аппликейшн кибер халдлагад өртсөн талаар мэдэгджээ.

Халдлагын улмаас аппликейшн богино хугацаанд Киев болон Украины бусад бүс нутагт цөмийн болон химийн аюулын дохио зарласан төдийгүй гудамжинд зэвсэгт мөргөлдөөн болж болзошгүй гэсэн худал мэдээлэл тараасан байна. Мөн ОХУ “Орешник” загварын хэт авиан пуужин харвасан гэх үндэслэлгүй мэдэгдэл гарчээ.

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, уг аппликейшн “дайсны нөлөөлөлд өртсөн" бололтой. Тус байгууллага иргэдэд хандан “Цацрагийн аюул байхгүй. Тайван байж, манай албан ёсны сувгаар хүргэх мэдээллийг дагана уу” гэж мэдэгджээ. Хуурамч сэрэмжлүүлгүүд хэсэг хугацааны дараа алга болсон байна.

Хуурамч дохиолол хэд хэдэн төрлийн аюулын тухай мэдээлжээ

Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 1-ний орон нутгийн цагаар 22:47-22:49 цагийн орчимд иргэдийн гар утсанд хуурамч мэдэгдлүүд ирж эхэлсэн байна. Тухайлбал, Киев хотод цацрагийн болон химийн аюул нүүрлэсэн, гудамжинд зэвсэгт мөргөлдөөн болж байгаа гэх сэрэмжлүүлэг гарчээ. Мөн Орос “Орешник” пуужин харваж байгаа гэх утгатай орос хэл дээрх мессэж тараасан байна. 

“Air Alert” нэртэй уг аппликейшн Украины Дижитал өөрчлөлтийн яам болон аюулгүй байдлын технологийн “Ajax Systems” компани хамтран хөгжүүлсэн бөгөөд Оросын агаарын цохилтын аюулаас иргэдийг шуурхай сэрэмжлүүлэх зориулалттай. Ийм төрлийн мэдээлэл нь иргэдийг богино хугацаанд хоргодох байранд очиход тусалдаг тул системийн найдвартай ажиллагаа онцгой чухал аж. 

Халдлагын дараа Украины зарим бүс нутгийн удирдлагууд аппликейшнээр ирсэн сэжигтэй мэдэгдлийн холбоос дээр дарахгүй байхыг иргэдэд анхааруулжээ. Тухайлбал, Винница мужийн захирагч Наталья Заболотна кибер халдлага болсон талаар мэдээлж, иргэдийг болгоомжлохыг уриалсан байна. Мөн Украины Агаарын цэргийн хүчин болон бусад албан ёсны сувгийн мэдээллийг дагахыг зөвлөжээ. 

Украины Дижитал өөрчлөлтийн яам аппликейшн түр хугацаанд ажиллахгүй болсон ч иргэдэд аюулын талаар мэдээлэх бусад сувгууд болон агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дуут дохио хэвийн ажиллаж буй талаар мэдэгдсэн байна. Түүнчлэн нийслэл Киевт зориулсан тусдаа сэрэмжлүүлгийн аппликейшн хэвийн ажиллаж байсан талаар AFP агентлаг мэдээлжээ. 

Одоогийн байдлаар кибер халдлагын аргыг нарийвчлан тогтоосон эсэх, халдлагын ард хэн байгааг албан ёсоор зарлаагүй байгаа аж. Украины тал уг үйл явдлыг дайсны нөлөөлөл байж болзошгүй гэж үзэж байгаа ч халдлага үйлдэгчийг бие даан баталгаажуулсан мэдээлэл хараахан гараагүй юм байна.

Энэ нь дайны нөхцөлд зөвхөн цэргийн дэд бүтэц төдийгүй энгийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг мэдээллийн системүүд ч кибер халдлагын бай болж болохыг харуулжээ.

Эх сурвалж: REUTERS, THE KYIV INDEPENDENT, AFP,