АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Майами хотод болох “Их 20”-ийн бүлгийн (G20) дээд хэмжээний уулзалтад урих боломжтой" гэж мэдэгджээ.

Цагаан ордны тэргүүн аравдугаар сарын 31-ний бямба гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа арванхоёрдугаар сарын 14, 15-нд зохион байгуулахаар төлөвлөсөн төр, засгийн тэргүүн нарын уулзалтад Украины удирдагчийг урьж болох юм, энэ асуудалд ямар нэгэн хүндрэл байхгүй гэж үзэж байгаагаа хэлжээ.

Мөн тухайн өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Зеленскийг Флорида мужид болох дээд хэмжээний уулзалтад урихыг үгүйсгэхгүйгээ мэдэгдсэн байна. Тэрбээр Украины өндөр түвшний төлөөлөгчийг оролцуулах нь ямар нэгэн эерэг үр дүн авчирна гэж Трамп үзсэн тохиолдолд ийм урилга илгээх боломжтой хэмээн тайлбарлажээ.

Путинийг G20-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ

Өнгөрсөн есдүгээр сард Вашингтон хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг G20-ийн дээд хэмжээний уулзалтад урьсан тухай мэдээлэл гарсан. Тухайн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Асуудлыг шийдвэрлэхийн тулд санал зөрөлдөөнтэй, тодорхой зөрчилтэй байгаа хүмүүстэй уулзах шаардлагатай” гэж мэдэгджээ.

Гэвч АНУ-ын Бүгд найрамдах болон Ардчилсан намын бүлгийн сенаторууд Ерөнхийлөгч Дональд Трампад хандан Путиний урилгыг цуцлахыг уриалсан байна. Тэд ОХУ Украины эсрэг дайныг эхлүүлсэн хариуцлагыг зөвхөн Оросын Ерөнхийлөгчид ногдуулсан аж.

Одоогийн байдлаар Владимир Путин уг арга хэмжээнд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.

Зеленский: Путинийг уривал Майамид очиход бэлэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын сүүлээр Deutsche Welle агентлагт өгсөн ярилцлагадаа Путинийг мөн урьсан тохиолдолд Флоридад болох дээд хэмжээний уулзалтад оролцоход бэлэн болохоо илэрхийлж байжээ.

Тэрбээр “Бид уулзаж, ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах боломжийн талаар мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков есдүгээр сард Францын AFP агентлагт өгсөн ярилцлагадаа Флорида мужид хоёр улсын төрийн тэргүүний уулзалт зохион байгуулах боломжгүйг онцолжээ.

Кремль хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээ зөвхөн Москва хотод болох боломжтой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж ирсэн билээ.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига аравдугаар сарын сүүлээр Зеленский, Путин нарын уулзалтыг зохион байгуулахад Киев бэлэн байгаа талаар мэдэгджээ. Түүний тайлбарласнаар, уг уулзалтыг Москва, Беларусь, Умард Солонгосоос бусад аль ч улсад зохион байгуулж болох аж.

Эх сурвалж: DW