Украин, Беларусийн хил орчим
Дмитро эхнэр Ларисатайгаа 1711 хоногийн турш уулзаагүй. Тэрбээр энэ өдрүүдийг нэг бүрчлэн тоолж иржээ. Украин, Беларусийн хилийн ойролцоо зогсохдоо тэрбээр сандарсан харцаар алсыг ширтэж, Украины өмнөд хэсэгт орших, Оросын эзлэлтэд байгаа Олешки хотоос дүрвэн гарч яваа эхнэр Лариса болон бусад хүмүүсийг тээвэрлэн ирэх автобусыг хүлээж байжээ.
Эцэст нь бямба гарагийн үдээс хойш 54 настай эхнэр, нөхөр хоёр уулзах мөч ирэв. Дмитро сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй. Тэрбээр Ларисагаа дахин дахин үнсэж, дахин хэзээ ч тавьж явуулахгүй гэсэн мэт чанга тэврэн авчээ.
Ромын пап XIV Лео-гийн уриалж, АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын зуучлалын дэмжлэгтэйгээр тохиролцсон гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд фронтын шугамын ойролцоох хотоос нүүлгэн шилжүүлсэн хэдэн зуун хүн, мөн олон тооны гэрийн тэжээвэр амьтан Украинд буцаж иржээ.
Эзлэн түрэмгийллийн үед биеийн жингийнхээ гуравны нэгийг алдсан Ларисагийн турж эцсэн бие Дмитрогийн тэврэлтэд бараг л уусах шахам харагдана. Гэсэн ч тэрбээр толгойгоо цэх өргөж, хөнхийсөн цэнхэр нүд нь баяр хөөрөөр гэрэлтэж байжээ.
Түүний биеийн байдал ямар байгааг асуухад Лариса өөрийнхөө зовлонгоос илүүтэй одоо ч хүнд нөхцөлд амьдарч буй бусад хүмүүсийн тухай ярьжээ.
Тэрээр CNN-д "Манай улсад хүн бүрт хэцүү байна. Надтай адил нөхцөл байдалд байгаа хүн маш олон. Янз бүрийн байдалтай хүмүүс бий, заримынх нь амьдрал бүр ч хүнд байна. Бид энэ бүхнийг дуусаж, энх тайван тогтож, ялалт ирэхийг хүлээж байна" хэмээн ярьжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нүүлгэн шилжүүлсэн иргэд эх орондоо ирсэн тухай Telegram сувгаараа дамжуулан мэдэгдэж, зуучлалын үйл ажиллагаанд тусалсан Меланиа Трампад талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр "Олешки хотын нөхцөл байдал болон Оросын түр эзлэлтэд байгаа Украины нутаг дэвсгэрт үүсээд буй хүмүүнлэгийн жинхэнэ сүйрэлд дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан бүх хүмүүст, дэлхийн өнцөг булан бүрийн сэтгүүлчид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд болон санаа зовниж буй иргэдэд талархаж байна. Дэлхий нийт анхаарлаа хандуулах үед хүний амь нас аврагддаг" хэмээн онцолжээ.
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп мөн X нийгмийн сүлжээндээ "Олешки хотын үйл явдал дайн дажнаас илүүтэй хүнлэг ёсыг эрхэмлэн дээдэлж болохыг харууллаа" хэмээн бичсэн байна.
Украины Хүний эрхийн төлөө тэмцэгч Дмитро Лубинец нүүлгэн шилжүүлэлтийн ажиллагааг биечлэн удирдан явуулахын тулд Олешки хотод очжээ. Ингэснээр тэрбээр дайн эхэлснээс хойш Оросын хяналтад байгаа эзлэгдсэн нутаг дэвсгэрт зорчсон Украины өндөр албан тушаалтнуудын нэг болсон байна.
Хил давсныхаа дараа CNN-д ярилцлага өгөхдөө Лубинец энэхүү ажиллагаа маш их хүндрэлтэй байсан ч цаашид хэрэгжүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үлгэр жишээ болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Тэр "Меланиа Трампын зохицуулах үүргийн хүрээнд Оросын талтай хэрхэн хэлэлцээр хийж болох талаар бид одоо давтагдашгүй, эерэг туршлага хуримтлууллаа" гэж хэлсэн байна.
Тэрэбэр цааш нь "Хүнс, эм тарианы хомсдолтой яг ийм нөхцөлд байгаа олон тосгон манайд бий. Бид энэ ажлаа үргэлжлүүлэх бодолтой байна. Гэхдээ энэ нь зөвхөн Украины шийдвэрээс хамаарахгүй" хэмээн CNN-д ярьжээ.
Мөн тэрбээр баасан гарагт Олешки хотод Оросын Хүний эрхийн комиссар Яна Лантратоватай уулзаж, хэлэлцээ хийсэн тухайгаа дурдсан байна.
Хоол тэжээлийн дутагдалд орж, эм тариагүй болсон иргэд
Аюулгүй байдлын үүднээс овог нэрийг нь нийтлэх боломжгүй байгаа Дмитро Украины зэвсэгт хүчний алба хаагч аж. Тиймээс Оросын цэргүүд түүний төрөлх хот болох Украины өмнөд хэсгийн Олешки хотыг эзлэн авсны дараа эхнэр Лариса нь онцгой эрсдэлтэй нөхцөл байдалд оржээ.
Эхнэр, нөхөр хоёр охиноо хотоос гаргаж чадсан боловч Лариса өөрөө явахыг оролдвол Оросын цэргийн шалган нэвтрүүлэх цэг дээр саатуулагдаж, "шүүлтүүрийн шалгалт" (filtration) гэгч ажиллагаанд өртөхөөс эмээж байсан аж.
Энэ нь Оросын эзлэлтэд орсон Украины иргэдийг Украины хяналтад байгаа нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхээс өмнө байцааж, шалгадаг үйл явц юм байна. Тухайн шалгалтын үеэр иргэдийг доромжлох, хүчирхийлэл үйлдэх тохиолдол гардаг байжээ.
Лариса гайхамшиг тохиохыг хүлээн үлдэхээр шийдсэн байна. Гэвч түүний амьдрал гайхамшгаар бус, хар дарсан зүүд мэт хүнд нөхцөлөөр үргэлжилжээ.
2023 онд ойролцоох Нова Каховка далан нурсны улмаас тус хотод их хэмжээний үер болсон юм. Далан Оросын дэлбэлэлтээс болж нурсан байх магадлал өндөр гэж мэдээлж байв.
Үүний дараагийн жилүүдэд тус бүс нутагт ширүүн тулаан үргэлжилж, хотын барилга байгууламж улам ихээр сүйдсэн байна. Харин сүүлийн саруудад хүмүүнлэгийн нөхцөл байдал бүр ч дорджээ.
Украины эрх баригчдын мэдээлснээр, есдүгээр сар гэхэд тус хотод хүнс болон бусад шаардлагатай хангамж дуусаж, цахилгаан, хий, эм тариа болон өдөр тутмын хэрэглээний наад захын зүйлсийн хүртээмжгүй болсон байна. Тухайн үеийн мэдээллүүдэд оршин суугчид өвс, зэрлэг ургамал түүж идэн амь зогоож байсан тухай дурджээ.
Бямба гарагт CNN-д ярилцлага өгсөн нүүлгэн шилжүүлсэн иргэдийн хэлснээр, Олешки хотод зунаас хойш хүнсний тусламжийн ямар ч хүргэлт хийгдээгүй ажээ.
Нэгэн эмэгтэй бүтэн жил гаруй талх идээгүй бөгөөд энэ оны эхээр өөрөө тарьсан ногоогоор, гол төлөв улаан лооль, өргөст хэмхээр хооллож амьдарсан тухайгаа ярьжээ.
Чернигов мужийн бүсийн эмнэлгийн захирал Андрей Жиденко эмнэлгийн ажилтнуудынхаа хамт хилийн орчимд ирж, нүүлгэн шилжүүлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр хүлээж байсан аж. Тэрээр CNN-д ярилцлага өгөхдөө "Удаан хугацааны хоол тэжээлийн дутагдлын үр дагавар нь эмч нарын анхаарах гол асуудал болно" гэжээ.
Түүний тайлбарласнаар, олон хоног, сараар өлсөж туйлдсан хүмүүсийг хоол хүнсээр хангахдаа маш болгоомжтой байх шаардлагатай. Учир нь, өлсгөлөнд удаан байсан хүн богино хугацаанд хэт их хоол хүнс хэрэглэвэл эрүүл мэндэд нь аюул учруулж болзошгүй аж.
Тэр "Тэдний дунд гэмтэж бэртсэн хүмүүс, тархины цус харвалт даван туулсан өвчтөнүүд, мөн хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүс бий" гэж хэлжээ. Мөн эмнэлгийн хамт олон Украины иргэдээ эх орондоо эргэн ирж байгаад туйлын их баяртай байгааг онцлоод, "Манай бүх ажилтан энд ирэхийг хүссэн. Тэнд байгаа хүмүүс асар их зовлон амссан. Хүнлэг ёс гэж алга" хэмээн ярьжээ.
Бямба гарагт автобусаас буусныхаа дараа CNN-д ярилцлага өгсөн өөр нэгэн дүрвэгч Александр "Би амьдралдаа хэзээ ч ийм сайхан мэдрэмж авч байгаагүй" гэжээ.
Тэрбээр цааш нь "Яг л тамаас зугтаж гарч ирсэн юм шиг санагдсан. Би ерөөсөө гадагш гардаггүй байсан. Бидний амьдарч байсан газарт ямар ч хүнс олдохгүй. Хүмүүс орон сууцандаа үлдээсэн лаазалсан хүнс, даршилсан ногоо зэрэг юу байна, түүгээр л хооллож амьдардаг байсан" хэмээн ярьжээ.
Гэсэн хэдий ч Украины нутаг дэвсгэр рүү буцахыг хүсээгүй, гал зогсоох хэлэлцээр ням гарагт дуусах байсан ч Олешки хотод үлдэхээр шийдсэн зарим оршин суугч байжээ. Украин болон Оросын эрх баригчдын мэдээлснээр, тэдгээр иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн байна.
Харин өөр нэг хэсэг иргэд Орос руу явахаар шийджээ. Оросын Хүний эрхийн комиссар Яна Лантратовагийн бямба гарагт мэдээлснээр, эдгээр хүмүүсийг Крымын Симферополь хот дахь түр байрлуулах төвд хүлээн авсан байна.
Эх орондоо хүрэх урт бөгөөд бэрх зам
АНУ-д төвтэй мөргөлдөөнийг судлах хүрээлэн (ISW)-гийн мэдээлснээр, дайнаас өмнө 24 мянга орчим хүн амтай байсан Олешки хотын оршин суугчдын 40 орчим хувь нь байлдааны ажиллагаа эхэлсэн эхэн үед Украины хяналтад байсан нутаг дэвсгэр рүү дүрвэж чаджээ.
Үүнээс хойш хэдэн мянган хүн мөн хотоос гарч чадсан боловч явах боломжгүй, эсвэл явахыг хүсээгүй олон хүн тэндээ үлдсэн байна.
Жанна Птахова болон түүний охид Елизавета, Дарья Пали нар ч мөн боломжтой байх үед нь хотоос гарч чадсан хүмүүсийн тоонд багтжээ. Птаховагийн нөхөр, Елизавета болон Дарьягийн аав Олешки хотод үлдсэн байна. Тэрбээр гэр бүлээ аюулгүйгээр буцаж ирэх хүртэл гэр орноо сахин хамгаалахаар шийджээ. Гэвч гэр бүл нь одоог хүртэл тэндээ буцаж очих боломжгүй хэвээр байна.
Птахова CNN-д "Амьдрах нөхцөл үнэхээр аймшигтай байсан. Цахилгаангүй, хийгүй, халаалтгүй. Гэхдээ миний нөхөр үнэхээр гарын ур дүйтэй хүн л дээ" гэж ярьжээ.
Тэрбээр цааш нь "Орчин үеийн иргэний амьдралд тохируулан барьсан байшинг маань нөхөр маань бараг л эртний, энгийн амьдралын хэв маягт тохируулан өөрчилсөн. Өөрөө зуух барьж, хоол хүнстэй байхын тулд тахиа өсгөж, ногооны талбай байгуулсан. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр л тэнд амьд үлдсэн" хэмээн ярьсан байна.
Михайло Пали "Би охидоо автобусанд сууж яваад л бусад хүмүүсийн дундаас шууд таньсан" гэж ярьжээ.
Олешки хот руу хүрэх замууд мина ихээр тавигдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон автомашины сүйрсэн үлдэгдлээр дүүрсэн аж. Мөн Днепр мөрнийг шууд гатлан Украины хяналтад байгаа нутаг дэвсгэрт хүрэх боломжгүй байжээ. Энэ бүхэн хүмүүсийн эх орондоо буцах замыг урт, айдас түгшүүртэй болгосон байна.
Пүрэв гарагт хоёр өдөр үргэлжилсэн мина цэвэрлэх ажиллагаа дууссаны дараа нүүлгэн шилжүүлэхийг хүссэн хүмүүс баасан гарагт цугларчээ. Тэд эхлээд Оросын эзлэлтэд байгаа Украины Крымын хойгийг дайран ОХУ-ын Краснодар хязгаарын Анапа хотод хүрсэн байна.
Үүний дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Украины албаныхны мэдээлснээр, нүүлгэн шилжүүлсэн иргэд Анапа хотын нисэх буудлаас Беларусийн Гомель хот руу нисэж, тэндээсээ автобусаар Украиныг зорьжээ. Хил давж, хайртай дотны хүмүүстэйгээ уулзсаныхаа дараа автобусны цуваа дахин хөдөлсөн байна.
Замын хоёр талаар хэдэн километрийн турш хүмүүс жагсан зогсож, Украины төрийн далбааг мандуулан, эх орондоо эргэн ирж буй иргэдээ баяр хөөртэйгөөр угтан авчээ.
Эх сурвалж: CNN