Франц улсад гурав дахь долоо хоногтоо дараалан бямба гарагт зохион байгуулагдсан өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаалын үеэр нийт 565 хүнийг баривчилсан талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснийг AFP агентлаг аравдугаар сарын 31-ний бямба гарагт уламжилжээ.

Тус улсын Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн мэдэгдсэнээр, жагсаал цуглаануудын дийлэнх нь тайван замаар өрнөсөн хэдий ч хэт зүүний үзэл баримтлалтай бүлэглэлүүдийн төлөөлөгчид хууль сахиулагчдын эсрэг "аймшигт хүчирхийлэл" үйлдсэн байна.

Эрх баригчдын мэдээлснээр, Францын янз бүрийн хотод болсон жагсаалд нийт 320 мянган хүн оролцсоны 70 мянга нь Парис хотод цугларчээ. Харин жагсаал зохион байгуулагчид гудамж талбайд гарсан иргэдийн тоо бараг 500 мянгад хүрсэн гэж үзэж байгаа аж.

Жагсагчид амьжиргааны өртөг нэмэгдэж буй байдал, боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлууд зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Парис хотод таван цагдаагийн алба хаагч гэмтэж бэртжээ

Группа протестующих толкает мусорный бак и кидает предметы на одной из улиц Парижа, 31 октября 2026 года

Франц даяар жагсаал цуглааны үеэр аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт 70 мянган цагдаагийн алба хаагчийг дайчлан ажиллуулсан байна.

Эрх баригчдын мэдээлснээр, Парис хотод хэдэн зуун жагсагч оролцсон мөргөлдөөний үеэр цагдаагийн таван алба хаагч гэмтэж бэртжээ. Тэдгээрийн гурав нь шатамхай шингэнтэй гар хийцийн тэсрэх хэрэгсэл буюу "Молотовын коктейль"-д өртсөн байна.

Тэдний нэгнийх нь хувцас шатаж, улмаар хөлөндөө түлэгдэлт авчээ. Мөн нийслэл хотод жагсагчид цагдаа нар руу явган замын хучилтын чулуу болон бусад зүйл шидсэн байна. Үүний хариуд цагдаагийн алба хаагчид нулимс асгаруулагч хий хэрэглэж, бороохойгоор хүч хэрэглэн жагсагчдыг тараажээ.

Тулуз хотод цагдаа нар зөвшөөрөлгүй жагсаалд оролцогчдын эсрэг усан буу болон нулимс асгаруулагч хий ашигласан байна. Түүнчлэн Марсель хотод ойролцоогоор 10 мянган хүн оролцсон зөвшөөрөлгүй жагсаал болж, улмаар цагдаа нартай мөргөлдөөн үүсжээ.

Лион хотод ч мөн жагсагчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд мөргөлдөөн гарсан бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн талаар France 24 телевиз мэдээлсэн байна.

Франц даяар зохион байгуулагдаж буй үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаал есдүгээр сарын сүүлээр сурагч, оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлсэн.

Эдгээр жагсаал нь боловсролын салбарт багшлах боловсон хүчин дутагдалтай, анги дүүргэлт хэт өндөр, хичээлийн өдөр хэт урт, сургуулийн барилга байгууламж хуучирч муудсан, орчин үеийн тоног төхөөрөмж хүрэлцээгүй зэрэг асуудлаас үүдэлтэй ажээ.

Үүнээс гадна их, дээд сургуульд элсэн суралцахад тулгарч буй хүндрэл болон ирээдүйнхээ талаар залуусын санаа зовниж байгаа байдал ч эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд нөлөөлсөн байна.

Улмаар жагсаал цуглаанд нийгмийн бусад асуудалд сэтгэл дундуур байгаа иргэд нэгдэж, эсэргүүцлийн хөдөлгөөн улам өргөжихийн хэрээр эмх замбараагүй байдал даамжрах болжээ.

Тухайлбал, хогийн сав, автомашин шатаах, цагдаагийн алба хаагчидтай ширүүн мөргөлдөх, эд хөрөнгө сүйтгэх, дээрэм тонуул хийх зэрэг хэрэг зөрчил гарсан байна.

Францад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн Европын бусад орны залуусыг ч мөн жагсаал цуглаан зохион байгуулахад уриалжээ. Тухайлбал, Итали, Герман, Бельги улсад амьжиргааны өртөг нэмэгдэж буйг эсэргүүцсэн жагсаал болсон байна.

Германы томоохон хотуудад аравдугаар сарын 31-нд болсон залуусын жагсаал зарим газарт эмх замбараагүй байдал, цагдаагийн байгууллагатай мөргөлдөөн үүссэнээр өндөрлөжээ.

Гэсэн хэдий ч Францад зохион байгуулагдаж буй бямба гарагийн жагсаалд оролцогчдын тоо долоо хоног өнгөрөх тусам буурч байгаа аж.

Эрх баригчдын тооцоолсноор:

- Аравдугаар сарын 17-нд: Франц даяар 550 мянган хүн жагсаалд оролцжээ.
- Аравдугаар сарын 24-нд: Жагсагчдын тоо 410 мянгад хүрсэн байна.
- Аравдугаар сарын 31-нд: Жагсаалд оролцогчдын тоо 320 мянга болж буурчээ.

Эх сурвалж: DW