Төрийн ордонд өчигдөр буюу лхагва гарагт Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн биед халдсан байж болзошгүй үйлдэл гаргасан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, томоохон маргаан дагуулсан.

Уг үйл явдал зүгээр нэг хувийн үл ойлголцол биш, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төрийн ордонд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үеэрээ Эрчим хүчний яамны хүний нөөцийн бодлогыг шүүмжилж, Б.Найдалаа сайдыг томилогдсоноосоо хойш мэргэжлийн хүмүүсийг ажлаас халан, өөрийн хамаарал бүхий ХҮН намын хүмүүсийг томилж байна хэмээн байр сууриа илэрхийлж байснаас үүдэлтэй ажээ.

Тэрбээр сайдын өмнөх туслахыг Диспетчерийн үндэсний төвийн албаны даргаар томилсон, цаашид Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар томилох гэж байна хэмээн мэдээлж, үүнтэй холбогдуулан сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдсэн байна.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Өөрийн өрөөний үүдэнд ярилцлага өгч байхад сайдын туслах эмэгтэй дайрч орж ирэн, улмаар утсаа гаргаж бичихэд шууд гар руу нь цохиж, биед халдсан хэмээн цочирдсоноо илэрхийлж, Халдашгүй байдлын дэд хороонд хандана" гэж мэдэгдсэн аж.

Б.Найдалаа сайдын услах Б.Ичинхорлоо "Гишүүнийг илт худал мэдээлэл тараасан тул тайлбар хийхээр хандсан бөгөөд камерыг нь дарж бичлэгийг зогсоохыг хүссэнээс биш биед нь огт хүрээгүй" хэмээн зөрүүтэй тайлбар өгч, худал мэдээлэлд тайлбар хийх гэж яриаг нь тасалсандаа уучлалт гуйжээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэхүү үйл явдлын тухайд туслахынхаа гаргасан үйлдлийн өмнөөс уучлал хүсэхийн зэрэгцээ гишүүний дурдсан албан тушаалтан нь салбартаа олон жил ажилласан чадварлаг боловсон хүчин тул Ерөнхий сайдтай зөвшилцөж томилсныг тодотгосон байна.

Улмаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг асуудлыг мушгиж, өмнө нь гацчихсан байсан БНСУ-ын компаниар "10 аймгийн дулааны станц" төслийг дахин бариулах гэж лобби хийж байна хэмээн зөрүүлэн буруутгасан.

Уг хэрэг Төрийн ордонд, хууль тогтоогчийн бүрэн эрхэд халдсан шинжтэй өрнөсөн тул УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд маш хатуу байр суурь илэрхийлж, Б.Найдалаа сайдын туслахад ёс зүйн хариуцлага тооцохыг шаардав.

Улмаар Төрийн тусгай хамгаалалтын газар болон тагнуулын байгууллагууд үүнд анхаарал хандуулах ёстойг сануулснаар барахгүй УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлөх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн ч саад болох ёсгүй тул шаардлагатай бол Халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой талаар мэдэгдлээ.