Бразилийн сенатор бөгөөд баруун жигүүрийн Либерал намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Флавиу Болсонару сонгуульд ялагдсаныхаа дараа АНУ руу нууцаар дүрвэсэн.
Аравдугаар сарын 29-ний пүрэв гарагт шилжих шөнө өөрийн "X" (хуучин Твиттер) хуудсаараа дамжуулан "Бразилийн ард түмэнд илгээх захидал" нийтэлжээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тэрбээр анх захидалдаа өөрийгөө Бразилийн "жинхэнэ ерөнхийлөгч", "сонгогдсон ерөнхийлөгч" гэж нэрлэсэн байснаа сүүлд нь устгаж, "удирдагч" болгон өөрчилсөн байна.
Болсонару захидалдаа Бразилийн сонгуулийн үеэр "жигшүүрт луйвар" явагдсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, одоогийн төрийн тэргүүн Луис Инасиу Лула да Силвагийн аравдугаар сарын 25-ны сонгуулиар байгуулсан ялалт нь хууль зөрчсөн бөгөөд зөвхөн авлигад идэгдсэн шүүхийн тогтолцооны ачаар боломжтой болсон аж.
Иймд тэрбээр хилийн чанадаас Бразилийн ардчиллын төлөөх тэмцлийг удирдаж, Лула да Силваг улс орондоо "дарангуйлагч дэглэм" тогтооход нь саад болно гэж мэдэгджээ. Болсонару сонгуулийн луйврын талаар ямар нэгэн тодорхой баримт нотолгоо захидалдаа дурдаагүй байна.
Трамп болон Милей нарт талархал илэрхийлэв
Флавиу Болсонару өөрийг нь дэмжсэн АНУ болон Аргентины Ерөнхийлөгч нар болох Дональд Трамп, Хавьер Милей нарт талархлаа илэрхийлжээ.
Үүнээс өмнө Аргентины цагаачлалын албанаас Флавиу Болсонару, түүний эхнэр Фернанда, охид Каролина, Луиза нар Бразилийн хил дээрх Мисьонес мужийн Танкреду Невис олон улсын боомтоор тус улсад нэвтэрсэн талаар мэдээлсэн байна.
Тэд хүчин төгөлдөр зорчих бичиг баримттай байсан тул нэвтрэхэд ямар нэгэн хуулийн саад учраагүй байна. Болсонару Аргентинаас Эквадор руу нисэж, тэндээсээ Майами руу явсан бололтой.
Гэтэл аравдугаар сарын 26-ны өдөр авлига, мөнгө угаах, татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж буй Болсонаруг улс орноосоо гарахыг хориглож, энгийн болон дипломат паспортоо хураалгах Дээд шүүхийн шийдвэрийг танилцуулсан байжээ.
Энэ үйл явдал түүнийг гэрээсээ гарах эрхгүй хоригдож буй 71 настай эцэг, Бразилийн экс ерөнхийлөгч Жаир Болсонару дээрээ очих үед болсон байна.
Түүний эцэг Жаир Болсонару 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр 27 жилийн хорих ял сонсжээ. Болсонару-хүү паспортоо тушаах шаардлагыг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд хэвлэлүүдийн мэдээлснээр тэрбээр Италийн иргэншилтэй аж.
Бразилийн улс төрчдийн хариу үйлдэл
Бразилийн олон улс төрчид Флавиу Болсонаругийн мэдэгдлийг эрс шүүмжилжээ. Globo цахим хэвлэлд мэдээлснээр, сенатор Алессандро Виейра Болсонаругийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэх гэсэн оролдлогыг "инээдтэй" гэж нэрлээд, түүний өөрийнх нь Либерал нам хүртэл ялагдлаа хэдийнэ хүлээн зөвшөөрснийг сануулжээ.
Үндэсний Конгресс дахь Лула да Силвагийн засгийн газрын удирдагч, сенатор Рандольф Родригес Болсонаругийн уриалгыг сонгуулийн үйл явц руу хийсэн "халдлага" гэж дүгнэсэн байна.
Мөн Бразилийн Сонгуулийн дээд шүүхийн дарга Кассиу Нунес Маркес сонгууль хууль болон үндсэн хуулийн дагуу, "хамгийн дээд зэргийн хэвийн нөхцөлд" явагдсаныг онцолжээ. Түүнчлэн хэд хэдэн улс төрийн намууд хамтарсан мэдэгдэл гаргаж, "Бразиль улс өөрийн ардчилсан үйл явцад хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүй" гэж мэдэгдсэн байна.
Флавиу Болсонаругийн эсрэг үүсгэсэн хэргүүд
Флавиу Болсонару Дээд шүүхээс шалгаж буй мөнгө угаасан, авлига авсан, сонгуулийн кампанит ажлын үйл явцад хууль бусаар нөлөөлсөн гэх хэргүүдийг бүгдийг нь үгүйсгэж байгаа аж.
Аравдугаар сарын 25-нд болсон сонгуулийн хоёрдугаар шатанд Болсонару 48.21 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Лула да Силва 51.79 хувийн саналаар ялалт байгуулжээ.
Болсонару сонгуульд луйвар орсон гэж үзэн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн ч 10 дугаар сарын 26-нд түүний харьяалагддаг Либерал нам албан ёсоор ялагдлаа хүлээсэн байна.
Эх сурвалж: DW