Жет Ли 2026 оны тавдугаар сарын 9-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын The Music Center-т болсон 2026 оны Gold Gala арга хэмжээнд оролцож байна. Matt Winkelmeyer/FilmMagic/Getty Images
Жет Ли хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Ли Ляньже Хятадын тулааны урлагийн мастер, жүжигчин, ушугийн аварга, кино од билээ. БНХАУ-ын нийслэл Бээжинд төрсөн тэрбээр 2009 онд Сингапур улсын иргэншилтэй болсон. Бид энэ удаа "HUMAN" буландаа CNN агентлагийн
"Жет Ли: Амьдрал, үхлийн заагийг давсан түүх ба дотоод амар амгалангийн эрэл"
нийтлэлийг онцолж байна.
Жет Лигийн уран бүтээлийн карьер үргэлж тодорхой хэмжээний эрсдэл дагуулж ирсэн. Тэрээр ихэнх тулаан, үзүүлбэрээ өөрөө хийдгээрээ алдартай бөгөөд “Once Upon a Time in China” кинонд савлаж ганхсан бамбукт шат дээр тулалдан, “Romeo Must Die” кинонд өндөр барилгаас үсэрч, “High Risk” кинонд галын дэлбэрэлтээс бултаж байжээ.
Гэвч ямар ч бэлтгэл түүнийг бодит амьдрал дээр тулгарсан үхлийн заагт хүргэсэн тохиолдлуудад бэлэн болгож чадаагүй юм.
Цунамигийн аймшигт мөч
2004 онд Энэтхэгийн далайд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамигийн давлагаа түүнийг гэр бүлтэйгээ Мальдивт амарч байх үед гэнэт дайрчээ. Тухайн мөчийг дурсахдаа тэрбээр “Тэр агшинд би эхнэр, хоёр охинтойгоо хамт байсан. Бид бүгд үхэлтэй маш ойрхон байгаа мэт мэдрэмж авсан” гэжээ.
Тэрбээр давлагааны түвшнийг гараараа заан “Ус энд хүрсэн байсан. Хэрвээ ердөө жаахан 20 инч орчим өндөр байсан бол би амьд үлдэхгүй байсан” хэмээн ярьсан байна.
Өдгөө 63 настай жүжигчин энэ тухайгаа Лос-Анжелесаас хийсэн видео ярилцлагын үеэр хуваалцсан бөгөөд тэрээр шинэ дурсамж ном болох “Beyond Life and Death: The Way of True Freedom”-оо сурталчилж байжээ.
Дахин дахин үхэлтэй нүүр тулсан нь
Цунамигаас нэг жилийн дараа тэрбээр “Fearless” киноны зураг авалтын үеэр 12 фут өндөр цамхагаас унаж, дотор эрхтэний гэмтэл авч байжээ. Хэдхэн сарын дараа Хятадын Сычуань мужийн алслагдсан хийдэд байхдаа өндөр уулын орчинд хүчтэй өндрийн өвчин туссан байна.
Тэрбээр номондоо “Би амьд үлдэх бүртээ жинхэнэ эрх чөлөөтэй болох хүсэл минь улам хүчтэй болсон” гэж бичжээ.

“Жинхэнэ эрх чөлөө” гэж юу вэ?
Түүний хэрэглэж буй “эрх чөлөө” гэдэг ойлголт нь хятад хэлний “zizai” (自在) хэмээх буддын нэр томьёо юм байна. Энэ нь “zi” - өөрөө, “zai” - орших, байх гэсэн утгатай бөгөөд нийлээд “амьдрал юу ч авчирсан түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх”, эсвэл түүний хэлснээр “юуг ч хянах шаардлагагүй байх эрх чөлөө” гэсэн санааг илэрхийлдэг аж.
“Бие ба сэтгэлийн тэнцвэр”
Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Олон хүн биеэ хэрхэн дасгалжуулахыг мэддэг болсон. Гэхдээ оюун санаагаа ч мөн адил дасгалжуулах хэрэгтэй” гэжээ. Мөн тэрбээр “Аз жаргал бол оюун санааны зүйл, эрүүл мэнд бол биеийн зүйл. Энэ хоёр тусдаа. Тэнцвэрийг нь олох хэрэгтэй” хэмээн онцолсон байна.
Алдар нэрээс илүү дотоод аялал
Одоо тэрбээр кино урлаг гэхээс илүү буяны ажил, оюун санааны хөгжлийн замд төвлөрч байгаа аж. Гэсэн ч саяхан Лос-Анжелес дахь Gold Gala арга хэмжээнд хүрэлцэн очиход үзэгчид суудлаасаа босон, алга ташин угтсан нь түүнийг мартсан хүн цөөхөн болохыг харуулсан байна.
Тэрбээр энэ мөчийг дурсахдаа “Маш таатай байлаа. Заримдаа Хятадад хүмүүс намайг ‘хэдийнэ хөгширсөн, кино хийж чадахгүй’ гэж ярьдаг. Тэгэхээр хүмүүс намайг мартчихсан байх гэж боддог байсан” гэжээ. Үнэндээ тэрбээр “Kung Fu” кино ертөнцийн хамгийн алдартай оддын нэг хэвээр байгаа ажээ.
Холливудад гарсан зам

Бээжинд төрсөн тэрбээр 8 настайдаа төрийн спортын сургуульд wushu буюу хятад тулааны урлагаар хичээллэж эхэлжээ. 12 насандаа улсын таван удаагийн аварга болсон бөгөөд ихэвчлэн насанд хүрэгчдийг хүртэл ялдаг байжээ.
Түүний уян хатан хөдөлгөөн 1982 оны “Shaolin Temple” кинонд тоглох боломжийг нээсэн бөгөөд энэ кино Хятадад кунг-фугийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд том түлхэц болсон байна. Хожим тэрбээр Холливудэд орж, 1998 онд “Lethal Weapon 4” кинонд анх удаа муу дүр бүтээсэн нь түүний карьерт шинэ эргэлт авчирчээ.
Хэдийгээр тухайн үед Хятадын дүр төрхийг буруу харуулсан гэх шүүмжлэл дагуулсан ч тэр энэ дүрийг өөрийнхөөрөө өөрчилж, илүү орчин үеийн, төвөгтэй дүр болгон хувиргасан байна.
Олон жилийн дараах өөрчлөлт
2000-аад оны эхээр тэр “Romeo Must Die” кинонд гол дүр бүтээж, дэлхий даяар танигдсан. Үүний дараа олон арван кинонд тоглосон ч сүүлийн жилүүдэд түүний кино урлагийн ажил эрс багасжээ.
2009 онд түүнд гипертиреоз (бамбай булчирхайн хэт идэвхжил) оношлогдсон бөгөөд энэ нь түүний биеийн жин огцом буурахад хүргэсэн байна. Мөн насжилтын улмаас биеийн хүчний өөрчлөлттэй нүүр тулсан нь тулааны жүжигчний хувьд том сорилт болжээ.

“Өмнө нь нэг секундэд 10 хөдөлгөөн хийдэг байсан…”
Тэрбээр 2024 оны “Blades of the Guardians” киноны зураг авалтын үеэр “Өмнө нь би нэг секундэд 10 хөдөлгөөн хийдэг байсан. Одоо нэг хөдөлгөөн хийхэд 10 секунд хэрэгтэй” гэж хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс ч тэр “zizai” буюу хүлээн зөвшөөрөх философио дагасаар байгаа аж.

Эрх чөлөөний эрэл дуусаагүй
Тэр одоо жинхэнэ утгаараа эрх чөлөөтэй болсон уу? Тэр ингэж хариулжээ: “Хүмүүс ‘би zizai байна’ гэж хэлдэг бол тэд үнэндээ бүрэн эрх чөлөөтэй биш гэсэн үг. Тиймээс би одоо ч зам дээрээ явж байна”.
Жет Лигийн хэлснээр, түүний аялал дуусаагүй - харин амьдрал, үхэл, сэтгэлийн эрх чөлөөний утгыг ойлгох урт зам үргэлжилсээр байгаа ажээ.
Эх сурвалж: CNN