НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ТҮЙМРИЙН ДАРААХ НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН СУДАЛГАА, ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХААР ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ХЭЛЭЛЦЛЭЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн дараах экосистемийн нөхөн сэргээлтийн судалгаа, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах асуудлаар эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа.
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн ДЦГ нь Монгол орны зүүн бүсийн ой, ойт хээр, тал хээр, гол мөрний экосистемийг цогцоор нь хамгаалдаг, биологийн олон янз байдлын онцгой ач холбогдолтой газар юм.
Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохоор Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд яамнаас 17 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж байна.
Түймрийн дараах нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх зорилгоор зохион байгуулсан уулзалтад ургамал, амьтан, шувуу, шавж, ой, хөрс, цаг уур, зайнаас тандан судлал, экологийн чиглэлээр мэргэшсэн 27 эрдэмтэн, судлаач, мэргэжилтнийг урьж оролцуулан судалгааны чиглэл, аргачлал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаачид өмнө нь түймэрт өртсөн экосистемийн олон жилийн судалгааны үр дүн, ургамлын бүрхэвч, жижиг мэрэгч, махчин амьтдын бүлгэмдэлд гарсан өөрчлөлт, байгалийн нөхөн сэргэлтийн явцын талаар танилцууллаа.
Түймрийн дараах экосистемийн сэргэлт нь тухайн газрын хөрс, ургамлын онцлог, түймрийн эрчим, амьтдын идэш тэжээл, амьдрах орчны нөхцөлөөс хамааран харилцан адилгүй явагддаг тул бүх талбайд ижил арга хэмжээ хэрэгжүүлэх нь зохимжгүйг онцолсон юм.
Мөн Нөмрөгийн дархан цаазат газарт тархсан ховор, нэн ховор ургамал, амьтдын амьдрах орчны өөрчлөлтийг үнэлэх, түймэрт өртөөгүй талбайд шилжин байрласан амьтдын нөхцөл байдлыг судлах, шаардлагатай хамгааллын болон биотехникийн арга хэмжээг тодорхойлох асуудлыг хэлэлцэв.
Үүний зэрэгцээ хөрсний төлөв байдал, ургамлын биомасс, бүрхэц, түймрийн эрчим, усны нөхцөл болон орон зайн мэдээллийг нэгтгэн судалж, байгалийн жамаар нөхөн сэргэх боломжтой талбайг хүний оролцоо шаардлагатай хэсгээс ялган тогтоох шаардлагатай гэж үзлээ.
Хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь экосистемийн урт хугацааны мониторинг, судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх асуудал байв. Түүнчлэн түймрийн улмаас учирсан хохирол, байгалийн нөхөн сэргэлтийн үйл явц, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээллийг тогтмол хүргэх, судалгаагаар баталгаажаагүй мэдээлэл, ташаа ойлголт түгээхээс сэргийлэхэд эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн ой, хээрийн түймрийн дараах экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын судалгаа, сайн туршлагыг судалж, Монгол орны байгаль, цаг уур, экосистемийн онцлогт тохируулан нэвтрүүлэх, гадаадын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир хохирлын үнэлгээ, экосистемийн суурь судалгаа, байгалийн нөхөн сэргэлтийн мониторингийг уялдуулан, богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулахад эрдэмтэн, судлаачдын оролцоо чухал болохыг онцлов.
Цаашид судалгааны ажлын хамрах хүрээ, аргачлал, хэрэгжүүлэх үе шат, оролцох байгууллагуудын үүрэг, шаардлагатай санхүүжилтийг тодорхойлохын зэрэгцээ олон улсын байгууллага, түнш орнуудын мэргэжлийн болон техникийн дэмжлэгийг татан оролцуулах, судалгааны үр дүнг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой мэдээлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлт нь зөвхөн шатсан ой, ургамлыг сэргээх бус, ховор амьтан, ургамлын амьдрах орчин, хөрс, ус, экосистемийн харилцан хамаарал, биологийн олон янз байдлыг урт хугацаанд хамгаалах цогц ажил юм.
Иймд шинжлэх ухааны судалгаанд тулгуурлаж, олон улсын сайн туршлагыг нутагшуулан, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийн зэрэгцээ эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал байна.
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан эрдэмтэн судлаачид болон шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг, мөн Халх гол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн 30 хүний бүрэлдэхүүн 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн морин уналаг болон газрын тээврийн хэрэгсэл ашиглан түймэрт өртсөн талбайн ойролцоогоор 30 хувьд нь хээрийн судалгаа хийж, шаардлагатай дээж, мэдээллийг цуглуулжээ. Гэвч газарзүйн өвөрмөц байршил, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн үлдсэн талбайд хүрч ажиллах боломжгүй болсон.
Иймд БОУАӨЯ, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрууд хамтран хүний нөөц болон хоёр нисдэг тэргийг нэмэлтээр 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дайчлан ажиллуулж байна.
Ингэснээр хүрэхэд хүндрэлтэй байсан бүсүүдэд 2026 оны аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн судалгаа, дээжлэлт хийх ажлыг гүйцэтгэж эхэлжээ.
Монгол Улсын хамгийн зүүн зах цэг буюу Нөмрөгийн дархан цаазат газрын Соёлз уул нь Монгол-БНХАУ-ын хилийн залгаа, Халх гол сумаас 180 орчим км зайд орших ой, нуга, тал хээр, гол, голын татам хослосон байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм.
Соёлз уулын Модод хамар орчмын хусан ой, түүнээс баруун зүгт 30 орчим км зайд орших Галдстай гол, улмаар 50 гаруй км радиуст орших Цэцэгт уул, Зараа уул орчимд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллалаа.
Ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид, шинжээчид байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр дээж авч, нарийвчилсан хэмжилт хийлээ. Эдгээр дээжийг хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцоход итгэлцлүүр болгон ашиглах юм.
Маргааш буюу 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Халхгол сумаас зүүн урагш 100 орчим км зайд орших Бичигт толгой, мөн Орч ууланд ажиллана. Ингэснээр Нөмрөгийн ДЦГ-т түймрийн улмаас учирсан хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх боломж бүрдэж байгаа юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаль орчин болон хохирлын үнэлгээний чиглэлээр салбартаа 16-50 жил ажилласан туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байна.