АНУ болон Орос улс Украинд өрнөж буй дайныг зогсоох өргөн хүрээний хэлэлцээний хүрээнд Америкийн компаниудыг ОХУ-ын газрын тосны зах зээлд эргүүлэн авчрах боломжийн талаар хэлэлцэж байгаа аж. Энэ тухай аравдугаар сарын 28-ны мягмар гарагт Financial Times (FT) сонин мэдээлэлд ойр эх сурвалжуудийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Тухайлбал, байлдааны ажиллагаа дууссаны дараа Сахалины эрэг орчмын газрын тос олборлолтын хамтарсан үйлдвэр ("Сахалин-1")-ийг дахин сэргээж магадгүй юм байна. Үүнээс гадна Америкийн газрын тосны гигантууд "Дружба" дамжуулах хоолойгоор дамжуулан Оросын газрын тосыг Европ руу нийлүүлэх ажилд оролцох боломжтой талаар эх сурвалжууд хуваалцжээ.

Титаны үйлдвэрлэл

Бусад саналуудын дунд Америкийн агаарын тээврийн компаниудад Оросын агаарын орон зайг дамжин өнгөрөх болон нисэх эрхийг дахин нээх асуудал багтсан байна.

Мөн түүнчлэн Москва болон Вашингтон иргэний агаарын хөлгийн гол бүрэлдэхүүн хэсэг болох титаны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн салбарт хамтын ажиллагаагаа дахин эхлүүлж магадгүй аж.

Boeing компани дайн эхэлсний дараа Орос дахь титаны хамтарсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсоож, нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчилжээ.

"Лукойл"-ын олон улсын хөрөнгийг худалдах асуудал

АНУ болон Орос улс газрын тосны гигант "Лукойл" компанийн олон улсын хөрөнгийг Цагаан ордонтой холбоотой хөрөнгө оруулагчдад худалдах боломжийн талаар хэлэлцсэн гэж тус сонин бичжээ.

Түүнчлэн Оросын "Новатэк" компанийн оролцоотой Аляска дахь шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ)-н төслийн асуудал, мөн "Хойд урсгал" хоолойн эвдэрч сүйрээгүй үлдсэн хэсгээр Европ руу хий нийлүүлэхийг сэргээх талаар яригдсан байна.

Цагаан ордон болон Кремль калийн бордоонд тавьсан ЕХ-ны хориг арга хэмжээг зөөлрүүлж, Балтийн орнуудын боомтоор экспортлох тухай хэлэлцээрийг ч мөн авч үзжээ.

Эцэст нь, Оросын талд эзлэгдсэн Украины нутаг дэвсгэр дээрх Запорожье атомын цахилгаан станцын удирдлагыг Америкийн байгууллагад шилжүүлж, тэндээс гарсан эрчим хүчийг хоёр улсын хооронд хуваарилах тухай өмнө нь яригдаж байсан санааг ч мөн хөндсөн байна.

Уиткоффын зүтгэл

FT сонины эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стивен Уиткофф есдүгээр сарын эхээр Санкт-Петербургт уулзах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирээдүйн бизнесийн хэлэлцээрүүдийн талаар ярилцсан байна.

Кремлийн хэвлэлийн албанаас нийтэлсэн гэрэл зургуудаас үзвэл, өнгөрсөн долоо хоногт Москвад хийсэн дараагийн айлчлалынхаа үеэр Уиткофф тэмдэглэлийн дэвтэртээ "бизнесийн хэлэлцээрүүд" гэсэн тэмдэглэл хөтөлсөн нь харагджээ.

FT: Хэлэлцэж буй олон хэлэлцээр амжилтад хүрэх магадлал бага байна

Гэсэн хэдий ч дайныг зогсоох асуудалд Путин буулт хийхгүй байгаа бөгөөд Америкийн компаниуд Оросын зах зээлд эргэн орохоос болгоомжилж буй тул одоо хэлэлцэж байгаа олон хэлэлцээр амжилтад хүрэх магадлал бага байгааг FT онцолжээ.

Аравдугаар сарын 29-нд Трамп өөрийн Truth Social сүлжээндээ Путинтэй "туйлын амжилттай" утсаар ярьж, Оросын дизель түлшийг "Америк болон дэлхийн зах зээлд" нийлүүлэхээр тохиролцсон тухай мэдээлсэн байна.

Цагаан ордны тэргүүний мэдэгдсэнээр, Оросын компаниуд 300,000 гаруй тонныг "яаралтай" ачуулах бөгөөд арваннэгдүгээр сард дахин 500,000 тонн, үүний "дараахан" (айсуй 12 дугаар сард) 1 сая тонныг нийлүүлж, цаашид "газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан" дахин 3 сая тонныг нийлүүлэх аж.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Сангийн яам Оросын дизель түлшний эсрэг авсан Америкийн хориг арга хэмжээний үйлчлэлийг 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл түр зогсоох ерөнхий лиценз гаргасан байна.

Эх сурвалж: DW