Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей үүд хаалгаа нээж, үзмэрүүдээ олон нийтэд дөрвөн өдрийн турш үнэ төлбөргүй дэлгэж байна.

Музейн захиргаанаас хэрэв 15-аас дээш хүнтэй баг, хамт олон нийслэл хотынхоо түүх, соёлтой танилцахаар ирэх бол урьдчилан 11-450960 дугаарын утсаар захиалга өгөх шаардлагатайг мэдэгдэв.

Тус музейн барилга өөрөө түүхийн нэгэн томоохон гэрч юм. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талд байрлах уг байгууламж анх 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж байжээ.

Түүнчлэн 1921 оны долдугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб энд байрлаж байсан түүхтэй. Музейн барилгад 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей байрлаж байсан бөгөөд 1956 оноос хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын музейн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй юм.

Өдгөө 70 жилийн түүхтэй тус музейн сан хөмрөгт олон төрлийн хосгүй үнэ цэнтэй, урд өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй цор ганц хувь үзмэрүүдийг багтаасан 3500 гаруй цуглуулга хадгалагдаж байдаг. Харамсалтай нь, зай талбайн хүртээмжгүйн улмаас нийт үзмэрийнхээ ердөө 120 орчмыг нь л үзэгчдийн хүртээл болгосон байна.