АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жр. Кремльтэй холбоотой Оросын бизнесмен Умар Кремлевтэй хамт Монголд хоёр өдөр ан хийж өнгөрүүлсэн тухай Financial Times (FT) сонин аравдугаар сарын 27-ны өдөр мэдээлжээ.

Умар Кремлев өмнө нь Трамп Жр.-ын хуримын баярын арга хэмжээнд зориулж хэдэн зуун мянган ам.доллар төлж байсан аж.

Тус сонин наймдугаар сарын сүүлээр болсон тэдний энэхүү аяллыг нутгийн хөтөч нар болон албаны хүмүүсийн яриа, нислэгийн бүртгэл, сошиал медиа постууд болон нээлттэй баримт бичгүүдийг ашиглан нөхөн сэргээж, эрэн сурвалжилжээ.

FT сонины мэдээлснээр, Кремлев Казахстан улсаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нисэн ирж, улмаар Трамп Жр.-ын тус улсын баруун бүсэд байрлах ангийн хуаран руу аялсан байна. Түүнийг АНУ-ын хоригт орсон "Восход" венчур капиталын сангийн түнш, Оросын бизнесмен Артур Мартиросов дагалдаж явжээ.

Кремлев Улаанбаатар руу буцахаасаа өмнө Трамп Жр.-тай хамт хоёр өдрийг хамт өнгөрүүлсэн байна. Аяллын талаар мэдэх нэгэн эх сурвалж FT сонинд өгүүлснээр, тэр хоёр ангийн хуаранд байхдаа хамтдаа зураг авахуулахаас зайлсхийж байжээ.

Трамп Жр.-ын хэвлэлийн төлөөлөгч тэдний найз нөхдийн харилцааг баталсан боловч ямар нэгэн бизнесийн холбоо хамаарал байхгүй гэдгийг үгүйсгэсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгч "Дон (Дональд Трамп Жр.) Умартай бизнесийн харилцаагүй, зөвхөн хувийн найз нөхдийн харилцаатайгаа тодорхой илэрхийлсэн. Тэдний нөхөрлөл голчлон ан агнуур, загасчлал, зэрлэг байгальд хайртай нийтлэг сонирхолтой нь холбоотой" гэж хэлжээ. Мөн тэрбээр хоёр эр хамтдаа ан хийхэд гайхаад байх зүйл байхгүйг нэмж тодотгосон байна.

FT сонин Трамп Жр.-ыг тусгай хамгаалалттай, нэн ховордсон зэрлэг хонины төрөл болох Алтайн аргаль агнасан бөгөөд аяллынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзсан тухай мэдээлжээ.

Trump's son spent two days hunting in Mongolia with a Russian oligarchАНУ-ын Сөрөх тагнуулын албаны ажилтан асан Холден Триплетт АНУ-ын Ерөнхийлөгчийн ойр дотны хүмүүстэй холбоотой хувийн харилцаа нь Оросын тагнуулын албадын анхаарлыг татаж болзошгүйг анхааруулсан байна.

Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Триплетт "Оросын аюулгүй байдал, тагнуулын албаныхан хэн нэгнийг өндөр албан тушаалтантай холбоотой болохыг олж мэдсэн тэр мөчид үүнийг өөрсдийн зэвсэг болгон ашиглахыг хичээх болно" гэж хэлжээ.

Өмнөх хуримын зардлын маргаан

Олон улсын боксын холбоо (IBA)-г тэргүүлдэг, өмнө нь Оросын боксын холбоог удирдаж байсан Кремлев нь Трамп Жр.-ын хуримын баярын арга хэмжээг боксын байгууллагатай холбоотой Дубайд төвтэй аж ахуйн нэгжээр дамжуулан санхүүжүүлсэн болохыг ProPublica-гийн эрэн сурвалжлах ажиллагаа илчилсний дараа олны анхаарлын төвд оржээ.

Трамп Жр.-ын төлөөлөгчид уг төлбөрийг хүлээн зөвшөөрч, Кремлевийг дотны найз нь хэмээн тодорхойлж байж. Үүний дараа Кремлев "Трамп Жр. төлбөрийг буцааж төлсөн" гэж хэлсэн байна.

Ардчилсан намын хууль тогтоогчид энэхүү зохицуулалтыг шалгахыг уриалсан бол АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланш "Тэнд шалгаад байх юу байгаа юм бэ" хэмээн асууж байжээ.

Эх сурвалж: FINANCIAL TIMES, HROMADSKE, UKRAINSKA PRAVDA