АНУ-ын Конгрессын гишүүн "ОХУ-аас АНУ-д дизель түлш импортолсон хувь хүн болон хуулийн этгээд холбооны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнд тооцогдож, эрүүгийн болон иргэний хариуцлага хүлээх эрсдэлтэй" гэж анхааруулжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Мэрилэнд мужаас сонгогдсон Ардчилсан намын төлөөлөгч Жейми Раскин аравдугаар сарын 26-ны өдөр гаргасан нээлттэй захидалдаа энэ талаар дурдсан байна.

Хууль тогтоогчийн тэмдэглэснээр, Оросын эрчим хүчний бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд тухайн хэлцлийн үнийн дүнг даруй хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний иргэний торгууль ногдуулахаас гадна эрүүгийн хэрэг үүсгэж, 1 сая хүртэлх ам.долларын торгууль, 20 жил хүртэл хорих ял оноох хуулийн зохицуулалттай аж. Түүнчлэн уг зөрчлийг илрүүлэх хөөн хэлэлцэх хугацаа нь 10 жил байдаг байна.

Ж.Раскин захидалдаа, өмнөх Ерөнхийлөгч Жо Байден "Олон улсын онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль" (IEEPA)-ийн дагуу Оросын түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хий зэрэг эрчим хүчний түүхий эдийг АНУ-д импортлохыг бүрмөсөн хориглосон шийдвэр гаргаж байсныг сануулжээ.

Тэрбээр "Хэдийгээр одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 24-нд Оросын эсрэг үндэсний онцгой байдлын горимыг сунгаж, №14066 тоот тушаалын хязгаарлалтыг хэвээр үлдээсэн ч саяхан Трампын засаг захиргаа хууль тогтоомжийн процедурыг зөрчсөн алхам хийсэн" гэж буруутгасан байна.

Америкийн хуулиар Оросын эрчим хүчний хоригийг цуцлахын тулд Ерөнхийлөгч юун түрүүнд Орос улс Украинаас цэргээ гаргаж, байлдааны ажиллагааг зогсоосон, НАТО-гийн гишүүдэд заналхийлэхээ больсон, Украины ард түмний засаглалаа сонгох эрхийг хүлээн зөвшөөрсөн гэх мэт дүгнэлтийг Конгресст бичгээр танилцуулах үүрэгтэй аж.

Энэхүү мэдэгдлийг өргөн барихаас 45 хоногийн өмнө Сенат болон Төлөөлөгчдийн танхимын хороодтой зөвлөлдөх ёстой бөгөөд Конгресс 90 хоногийн дотор уг шийдвэрийг эсэргүүцэх эрхтэй. Гэвч Трампын засаг захиргаа Сангийн яамны Гадаад хөрөнгийг хянах алба (OFAC)-аар дамжуулан №135 тоот ерөнхий лицензийг гаргахдаа энэхүү хууль ёсны процедурыг мөрдөөгүй байна.

Жейми Раскин "Ерөнхийлөгч Трамп Оросын дизель түлшинд тавьсан АНУ-ын хууль ёсныи мпортын хоригийг хууль бусаар тойрч гарахыг оролдож байна" гэж дүгнэжээ. Тэрбээр уг албан бичгээ Америкийн нефтийн институт (API), АНУ-ын Худалдааны танхим болон Түлш, нефть химийн үйлдвэрлэгчдийн холбоо (AFPM)-нд хаяглан илгээсэн байна.

Үйл явдлын өрнөл ба Трампын байр суурь:

  • Хоригийг хойшлуулсан нь: Аравдугаар сарын 18-нд Цагаан ордны тэргүүн Оросын бараа бүтээгдэхүүнд 500 хувь, Оросын нефтийг худалдан авагч топ-5 орны бүтээгдэхүүнд 100 хувийн нэмэлт татвар ногдуулах тухай Линдси Грэмийн чанга санкцын хуулийн төслийг хойшлуулсан байна.
  • Трамп, Путин нарын тохиролцоо: Үүнээс өмнө буюу аравдугаар сарын 9-нд Дональд Трамп "Truth Social" хуудастаа Оросын удирдагч Владимир Путинтэй "маш амжилттай" утсаар ярьж, Америк болон дэлхийн зах зээлд Оросын дизель түлшийг нийлүүлэхээр тохиролцсон тухайгаа зарласан. Оросын компаниуд "яаралтай" 300 мянга гаруй тонн, арванэгдүгээр сард 500 мянган тонн, дараа нь 1 сая тонн дизель түлш ачуулах бөгөөд цаашид 3 сая тоннд хүргэхээр ярилцжээ.
  • Сангийн яамны шийдвэр: Үүнтэй холбогдуулан АНУ-ын Сангийн яам Оросын дизель түлшинд тавьсан АНУ-ын хориг арга хэмжээний үйлчлэлийг 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл түр зогсоох ерөнхий зөвшөөрлийг гаргаад байгаа аж.

Эх сурвалж: DW