Оросын цэргүүд Украины Харьков хотод аравдугаар сарын 28-ны лхагва гарагт шилжих шөнө цохилт өгчээ. Харьков мужийн Цэргийн захиргааны дарга Олег Синегубов "Хотын Основянский дүүрэгт халдлагын улмаас хоёр давхар үйлдвэрлэлийн барилга, хоёр давхар олон айлын орон сууцны барилга болон нэг давхар амины орон сууц шатсан" гэж Telegram сувгаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр дараа нь халдлагын улмаас 32 болон 65 настай хоёр эмэгтэй, 56 настай эрэгтэй, дөрвөн настай хүү нийт дөрвөн хүн шархадсан талаар тодруулжээ. Тэдний гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

Мөн Харьков хотын дарга Игорь Терехов орон сууцны барилга руу Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) халдлага үйлдсэн талаар мэдээлжээ. Тэрбээр “Олон айлын орон сууцны барилгад цохилт өгсөн. Одоогийн байдлаар барилга дотор хүмүүс гацсан мэдээлэл байна” хэмээн бичсэн байна.

Брянск чиглэлээс Киев рүү пуужингийн цохилт өгөх аюул зарлав

Үүний зэрэгцээ Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин Брянск чиглэлээс Киев рүү баллистик зэвсгээр цохилт өгөх аюулын талаар анхааруулсан боловч хожим уг аюулын анхааруулгыг цуцалжээ.

Украины Агаарын цэргийн хүчний Telegram сувагт мэдээлснээр, Харьков болон Днепропетровск мужууд, мөн Киев хот болон Киев мужийн чиглэлд реактив хөдөлгүүрт нисгэгчгүй нисэх төхөөрөмж, удирдлагатай нисэх бөмбөг ашигласан халдлагууд үргэлжилсэн байна.

Эх сурвалж: DW