Бразил улсаас дүрвэсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан сенатор Флавиу Болсонару гэр бүлийн хамт АНУ-д хүрэлцэн ирсэн тухай "CNN Brasil" телеканал Америкийн эрх баригчидтай ойр эх сурвалжуудийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Нийтлэлд "Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нэр дэвшигч Флавиу Болсонару эхнэр, хүүхдүүдийнхээ хамт АНУ-д ирлээ" гэж дурдсан байна. Цагаан ордны төлөөлөгч "РИА Новости" агентлагт мэдээлснээр, АНУ-ын Төрийн департамент Болсонару болон түүний гэр бүлийнхэнд АНУ-д нэвтрэх виз олгох аж.
Үүнээс өмнө мягмар гарагт Аргентины хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Болсонару Бразилаас явсан тухай мэдээлэл гарчээ. Тэрбээр Аргентины хилээр гарч, тэндээсээ АНУ руу ниссэн байна.
Даваа гарагт шүүхээс Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн Луис Инасиу Лула да Силвад ялагдсан Болсонаруг мөнгө угаасан хэрэгтэй холбогдуулан паспортоо хураалгахыг үүрэг болгосон байжээ.
Улсынхаа удирдагч асан Жаир Болсонаругийн том хүү тэрбээр мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа аж. Харин тэр өөрөө ямар нэгэн хууль бус үйлдэлд холбогдоогүй хэмээн үгүйсгэж байгаа аж.
Аравдугаар сарын 25-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Лула да Силва 51.79 хувийн санал авч ялалт байгуулсан. Флавиу Болсонаруг сонгогчдын 48.21 хувь нь дэмжсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI