Гашуунсухайт-Ганцмод боомтод үүссэн гацааны улмаас “Оюу толгой” компанийн зэсийн баяжмалын экспорт хил дээр саатаад байгаа ажээ.
Энэ оны аравдугаар сарын эхэн үеийг хүртэл Оюу толгойн экспорт хэвийн үргэлжилж, өдөрт дунджаар зэсийн баяжмал тээвэрлэсэн 13-15 цуваа хил нэвтэрдэг байжээ. Харин сүүлийн 14 хоногийн хугацаанд БНХАУ-ын талын нэвтрүүлэлт эрс муудаж, өдөрт гарах цувааны тоо ердөө 3-4 болж цөөрсөн байна.

Энэхүү хязгаарлалтын улмаас Оюу толгойн зэсийн баяжмалын экспортын хэмжээ даруй 70 хувиар буурч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн агуулахад их хэмжээгээр овоорох болжээ.
Хэвийн үеийн үзүүлэлттэй харьцуулвал, "Оюу толгой" компани ердөө сүүлийн хоёр долоо хоногийн дотор 300 сая ам.долларын экспортын боломжоо алдаж, сул зогсолт хийсэнтэй адил нөхцөл байдалд ороод байгаа аж.

Хятадын талаас хил нэвтрэх тээвэрлэлтийг ийнхүү хязгаарласан шалтгаанаа одоогийн байдлаар тодорхой тайлбарлаагүй бөгөөд уг гацаа хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм байна.
Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилж, он дуустал өдөрт ердөө 4 цуваа бүтээгдэхүүн гаргасаар байвал "Оюу толгой" компани нийт 1.2 тэрбум ам.долларын экспортын орлогоо алдах бодит эрсдэлтэй тулгарчээ.