Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг гадаад айлчлалтай байх хугацаанд нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар олон нийтэд ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд тараасан хэмээн мэдэгдэж, дараах баримт бүхий тайлбаруудыг өгөв.

• Хувийн онгоцтой гэх асуудалд: Ерөнхийлөгчийг хувьдаа нисдэг тэрэгтэй гэх яриа гарсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын албан ёсны мэдээллээр Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг бүртгэлтэйгээс 18 нь хувийн хэвшлийнх юм. Харин төрийн мэдэлд байгаа нисдэг тэрэгнүүд Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын бүртгэлд байдаг. Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-ын нисдэг тэрэг хороогоор үйлчлүүлдэг хуулийн зохицуулалттай.

• Австрали дахь хувийн хаусын тухай: Ерөнхийлөгчийг Австрали улсад хувийн хаустай хэмээн ярьсан нь туйлын худал мэдээлэл бөгөөд Ерөнхийлөгч тус улс руу зорчоогүй 12 жил болж байгааг тодотгов.

• “Андууд тауэр”-ийн өмчлөл: Тус барилгыг Ерөнхийлөгчийнх гэж удаа дараа ярьж байгаа ч энэ нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “Асар-Өргөө” ХХК-тай хамтран концессын гэрээгээр барьж буй барилга юм. Мэдээлэл нь бүрэн ил тод бөгөөд “Асар-Өргөө” ХХК нь Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй, Л.Зоригт, Л.Ганзориг гэх ах дүүсийн эзэмшлийн компани аж.

Улс төрийн хамаарлаар нь авч үзвэл, тус компани Ардчилсан намаас НИТХ-д сонгогдож байсан Л.Наранбаатар гэх хүнтэй холбогддог. Нийслэлийн Засаг дарга байсан хүн нийслэлийнхээ өмчийг уг нь мэдэх учиртайг Ц.Ганзориг дарга сануулав.

• Гачуурт дахь зочид буудлууд ба ХОМ: Ерөнхийлөгч аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Илт хаан” компанийн 58 хувийг эзэмшдэг бөгөөд үүнийгээ сүүлийн 10 жилийн турш Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-тээ тасралтгүй мэдүүлж ирсэн. Энэхүү компанийн 10 гэр, 10 орчим байшин нь Гачууртад биш Тэрэлжид байрладаг бөгөөд тэнд ямар нэгэн олон тооны тансаг зэрэглэлийн амралт, буудал байхгүй гэв.

• Бага тэнгэр дэх хаус хорооллын гүтгэлэг: Түүнийг Бага тэнгэрт 30-40 сая ам.доллар (120-140 тэрбум төгрөг)-ын үнэ бүхий хаус хороололтой гэж гүтгэсэн. Бага тэнгэрийн аманд нийт 444 амины болон нийтийн орон сууц байдаг. Ерөнхийлөгч өөрийн хуримтлалаараа амины орон сууц худалдаж авсан нь үнэн бөгөөд үүнд нуух зүйл байхгүй, ХОМ-т нь туссан гэлээ. Тодруулбал,

Тэрбээр 2022 онд 360 мянган ам.доллар, 2025 онд 200 сая төгрөг шилжүүлж байсан нь бүртгэлтэй. Түүнчлэн 2020 онд 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол 2026 онд 561 сая төгрөг болж, хадгаламжаас нь 1.2 тэрбум төгрөг хасагдсан нь байрны захиалгын төлбөртэй яг таарч байгааг АТГ-ын нээлттэй вэб сайтаас харж болно гэлээ. Тиймээс 30-40 сая долларын харш хороолол хаана байгааг зургаар биш, албан ёсны баримтаар гаргаж ирэхийг шаардав.

• “United mall” их дэлгүүрийн тухай: Тус их дэлгүүрийн албан ёсны эзэмшигч нь Б.Даваадорж гэх хүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ямар ч холбоо хамааралгүй нь баримтаар нотлогдоно гэлээ.

• Тансаг машины цуглуулга ба Нямдаваа гэх залуу: Ерөнхийлөгчийн машиныг нэр дээрээ хадгалдаг гэгдээд буй Нямдаваа нь хувьдаа бизнес эрхлэгч залуу бөгөөд энэхүү гүтгэлгийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан байна.

Мэдээллийн төгсгөлд, Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын захирагч байх үед Нийслэлийн хэвлэлийн албанд ажиллаж байсан Г.Золзаяа гэх ажилтан Х.Нямбаатарын захиалгаар, татвар төлөгчдийн мөнгөөр худал мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн захидал ирүүлсэн нь хамгийн том баримт болохыг Ц.Ганзориг дарга онцлон мэдэгдлээ.