Алдарт жүжигчин Николас Кэйж (62 настай) саяхан өгсөн ярилцлагадаа 1997 оны "Амь дүйсэн солилцоо" (Face/Off) киноны Шон Арчерын дүрд хэтэрхий гүн орж, бодит байдлаа алдаж байсан аймшигтай дурсамжаа хуваалцжээ.

Тэрбээр тус триллер киноны шоронгийн хэсэгт дүрийнхээ дагуу Кастор Тройн дүрд хувирч байхдаа өөрийгөө хянах чадвараа бүрмөсөн алдсан аж.

Нью-Йорк хотноо аравдугаар сарын 10-нд болсон "Comic Con" арга хэмжээний үеэр Кэйж хэлэхдээ "Киноны нэг хэсэг дээр би 'Би бол Кастор Трой, би бол Кастор Трой' гээд л өөрийгөө бүрмөсөн гээчихсэн. Киноноос ч үүнийг харж болно. 'Би хэн бэ? Энэ бүхэн бодит гэж үү? Би хэрэгт орчихсон юм болов уу? Би шоронд байна уу?' гэж бодогдоод, үнэхээр ухаанаа алдсан" хэмээн ярьсныг "PEOPLE" сэтгүүл онцолжээ.

Гэхдээ олон жилийн жүжигчний туршлага нь түүнийг дараа дараагийн дүрүүддээ ингэж автахаас сэргийлж сургасан байна.

Тэрбээр "Азаар одоо надад ийм зүйл тохиолдохоо байсан. Энэ бол миний уран бүтээлийн эхэн үед тохиолдсон явдал. Жүжигчний ур чадвар маань илүү хөгжиж, өөрийгөө бүрэн хянаж сурсан" гэж тайлбарлажээ.

Ярилцлагын үеэр Кэйж "Face/Off" киноны найруулагч Жон Вугийн тухай болон зураг авалтын үеэр түүний өгсөн хэрэгцээтэй зөвлөгөөг дурсжээ.

Тэр "Заримдаа би дүрдээ хэт орж, энэ дүрийг гаргахын тулд эрч хүчийг хаанаас авах вэ гэж гүн бодолд автахдаа нуруугаа бөгтийчихдөг байсан. Тэгэхэд Жон Ву 'Нуруугаа цэхэл. Нуруугаа үргэлж цэх байлга' гэдэг байв. Би ч 'За, уучлаарай Жон' гэдэг байлаа. Тэр намайг үргэлж зөв, биеэ сайхан авч яваасай гэж хүсдэг байсан" хэмээн ярьжээ.

Жон Траволта, Жоан Аллен, Маргарет Чо нарын тоглосон "Face/Off" кино Холбооны мөрдөх товчооны (FBI) төлөөлөгч болон алан хядагч хоёр мэс заслын аргаар нүүрээ сольж буй тухай өгүүлдэг аж. Кэйж 2022 онд өгсөн ярилцлагадаа бараг 30 жилийн настай энэ киног хараад одоо хүртэл биширдэгээ хэлж байжээ.

Тэрбээр "Insider" сэтгүүлд "Би 'Face/Off'-ийг дахиж үзээд үнэхээр биширсэн. Энэ кино цаг хугацааны шалгуурыг маш сайхан давж чадсан" гэжээ.

2021 онд "Deadline" сэтгүүлээс найруулагч Адам Вингардаар удирдуулсан "Face/Off" киноны үргэлжлэлийг хийхээр төлөвлөж буй талаар зарласан байна. Түүнээс хойш Вингард төслийг орхисон ч киноны зохиол, хөгжүүлэлтийн ажил үргэлжилсээр байгаа ажээ.

Эх сурвалж: PARADE