Поп хөгжмийн амьд домог Жанет Жексон (Janet Jackson) АНУ-ын Калифорни мужийн Беверли-Хиллз дэх алдарт "The Beverly Hilton" зочид буудалд зохион байгуулагдсан “Gala of the Stars 2026” хандивын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирж, чамин бөгөөд дэгжин төрхөөрөө үдшийн гол дүрүүдийн нэг болжээ.
Өдгөө 60 настай поп эрхэмсэг хатагтай энэ үдэш нэрт дизайнер Кристиан Сирианогийн (Christian Siriano) тусгайлан урласан, уран нарийн хээ угалз бүхий нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёжээ.
Гүн ухлаадастай энгэр, босоо зах, мөрний зоримог шийдэл болон хормой хүртэл үргэлжлэх долгиолсон гоёмсог торон нэхээс нь түүний төгс галбирыг тодотгож байв.
Тэрбээр бэлхүүсээ хар бүсээр тодотгож, мөнгөлөг болон алтлаг өнгийн том зууван ээмэг, бөгж зэрэг минималист гоёл чимэглэлийг хослуулсан байна. Үсээ гоёмсог өтгөн долгионоор арагш засуулж, утаат (smoky) нүүр будалт болон дарсны гүн улаан өнгийн уруулын будгаар төрхөө төгсгөсөн нь түүний сонгодог, эрхэмсэг хэв маягийг улам ч тод харуулжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(599x0:601x2):format(webp)/janet-jackson-gala-stars-2-102226-f292c0d38cd04d2aa69839b6a01f814b.jpg)
Эртний анд Мисси Эллиоттод “Icon Award” шагналыг гардуулав
Жанет Жексон тус арга хэмжээнд зөвхөн урилгат зочноор бус, хүндэт шагнал гардуулагчийн хувиар оролцжээ. Тэрбээр өөрийн олон жилийн дотны найз, хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн нэрт рэппер, продюсер Мисси Эллиоттод (Missy Elliott) “Icon Award” буюу "Домог" шагналыг биечлэн гардуулж, тэдний хэдэн арван жилийн нөхөрлөлийг илтгэсэн сэтгэл хөдөлгөж, түүхэн агшныг тайзнаа бүтээв.
Сонирхуулж хэлэхэд, Жанет Жексон өөрөө өмнөх жилийн (2025 оны) тус наадмын "Icon Award" шагналын эзэн болж байсан юм.
Энэ жилийн “Gala of the Stars” хандивын үдшийг хорт хавдартай тэмцэж буй бүжигчид, бүжиг дэглээчид, багш нар болон тэдний гэр бүлд санхүүгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлдэг ашгийн бус “Dancers Against Cancer” (DAC) байгууллага үүсгэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулжээ. Уг арга хэмжээний үеэр 760 гаруй мянган долларын хандив цугларсан байна.
Энэхүү дулаан уур амьсгалтай үдэш хөгжмийн ертөнцийн нэрт зүтгэлтнүүд болох Тони Бэзил (Toni Basil), Хилариа Болдуин (Hilaria Baldwin), Винсент Патерсон (Vincent Paterson) болон таалал төгссөн домогт бүжигчин Чита Ривера (Chita Rivera) нарын урлагт оруулсан хувь нэмрийг онцлон хүндэтгэл үзүүлжээ.
Олон улсын тайзнаа эргэн ирсэн нь
Жанет Жексон саяхан буюу 2026 оны аравдугаар сарын 11-нд Сингапур улсад зохион байгуулагдсан “Формула-1”-ийн Гран-при (Singapore Grand Prix) уралдааны хаалтын үдэш үндсэн тайзнаа өнөө цагийн супер од Лана Дел Рейн (Lana Del Rey) хамт толгойлох уран бүтээлчээр оролцож, гайхалтай тоглолтоо толилуулжээ.
Түүний нэг цаг гаруй үргэлжилсэн, эрч хүчтэй тус шоу Сингапур улсын тайзнаа 15 жилийн дараа (хамгийн сүүлд 2011 онд тоглосон) хийсэн анхны том хэмжээний эргэн ирэлт байснаараа Азийн шүтэн бишрэгчдийг нь ихээхэн баярлуулсан үйл явдал болсон байна.
Эх сурвалж: PEOPLE