Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсад олон сонирхолтой үйл явлууд өрнөснөөс тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландад 16 жилийн дараа төрийн айлчлал хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад 16 жилийн дараа төрийн айлчлал хийв. Өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж айлчилж байсан билэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Финландын Ерөнхийлөгч Александер Стубб нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн зорилго, замын зураглалаа тодорхойллоо.
Хойд Европт оршдог Финланд нь аз жаргалын индекс, боловсролын тогтолцоо, амьдралын чанараараа дэлхийд тэргүүлдэг, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд дээгүүрт ордог, Европын холбооны гишүүн улс юм. Тус улс 2023 онд НАТО-гийн 31 дэх гишүүн болсон. Мөн 1963 онд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм.
Хоёр улсын төрийн тэргүүн нар олон улсын нөхцөл байдал, НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биенээ дэмжих асуудлыг хэлэлцлээ. Мөн уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.
Хельсинки хотноо болсон "Монгол-Финландын бизнес форум"-д хоёр улсын бизнес эрхлэгчид, эдийн засагчид оролцож, Финландын ноу-хау, технологийг Монголд нутагшуулах боломжийн талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумд үг хэлэхдээ "Монгол Улс далайд гарцгүй ч хүн далайд гарцтай" гэжээ.
Тэрбээр Монгол Улс хөршүүдтэйгээ газар нутгийн маргаангүй, чөлөөт зах зээл, хүний эрхийг дээдэлдэг тогтвортой улс болохыг онцолсон байна. Мөн Финландын технологийн ололтыг Монголын байгалийн баялагтай хослуулж чадвал асар их боломж нээгдэнэ гэв. Уул уурхайн технологи, эрчим хүчний хэмнэлттэй барилга, цэвэр эрчим хүч, дижитал шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх нь төр, хувийн хэвшлийн урт хугацааны түншлэлийн эхлэл болохоор байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд найрамдах Беларусь улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Минск хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд тус улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм.
Засгийн газар "Оюу толгой"-н ногдол ашгийн хуулийн төслөө татан авлаа
Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаас хоёр их наяд төгрөг гаргаж ДЦС-VI болон 10 аймгийн дулааны станц зэрэг дэд бүтцийн төслийг санхүүжүүлэхээр боловсруулсан хуулийн төслөө УИХ-аас татан авлаа. Ерөнхий сайд Н.Учрал энэ талаар хэлэхдээ, Оюутолгойн ногдол ашгийг 2037 оноос өмнө авах боломжгүй байсан ч хэлэлцээрийн үр дүнд 2027 оноос эхлэн авах нөхцөлийг баталгаажуулсан гэв.
Засгийн газар 2027 онд Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцоолсон. Үүнээс нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наяд төгрөгийг эрчим хүч, боловсролын салбарын төсөлд зарцуулахыг санал болгосон байв.
Гэвч УИХ-ын байнгын хороодын хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар 235 зарчмын зөрүүтэй санал гарсан тул Засгийн газар хуулийн төслөө татан авах шийдвэр гаргажээ.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг С.Баатаржав гүйцэтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан аравдугаар сарын 20-нд болж, яамны удирдлагууд болон харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцов. Хуралдааны эхэнд яамны удирдах албан тушаалтнуудын шинэ томилгоог танилцуулсан. Сайннямбуугийн Баатаржав Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Мөн Одгэрэлийн Цолмон Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, Норовын Алтансүх Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар, Аюурзанын Энх-Эрдэнэ Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар тус тус томилогджээ. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын шинэ үүрэг гүйцэтгэгч С.Баатаржав нийт 950 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай аж.
УИХ-ын таван гишүүнийг шалгуулахаар АТГ-т хандлаа
Өөрийгөө Г.Занданшатарын өмгөөлөгч гэж танилцуулсан Н.Ундрах-Эрдэнэ УИХ-ын таван гишүүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгуулахаар холбогдох баримтыг Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагуудад хүргүүлжээ.
Түүний хэлснээр сүүлийн үед зарим төрийн албан тушаалтан Г.Занданшатарын талаар илт гүтгэлгийн шинжтэй, худал мэдээллийг хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр тарааж байна. Мөн зарим сэтгүүлч эдгээр мэдээллийг гадаад хэл рүү орчуулан түгээж байгаа тул энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан гэв.
Шалгуулахаар нэр дурдсан гишүүд нь Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар юм.
"Шантаажны сэтгүүл зүй"
Сүүлийн өдрүүдэд зарим мэдээний сайт төрийн байгууллагуудтай удаа дараа олон сая төгрөгийн гэрээ байгуулсан асуудал олны анхаарлын төвд байна. Татвар төлөгчдийн мөнгийг цөөн байгууллагад хуваарилсан, үр ашиггүй зарцуулсан гэсэн шүүмжлэл ч их гарав.
Ахмад сэтгүүлчид дөрвөн сайт нийт 1.4 тэрбум төгрөгийг хувааж авсан нь сэтгүүл зүйн салбарын нэр хүндийг унагасан гэж шүүмжиллээ. Энд, улс төрчид өрсөлдөөн, тэмцэлдээ сэтгүүлчдийг чадмаг ашигладаг бөгөөд улс төр бохир байгаа учраас сэтгүүлчдийг худалдан авсаар буй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд сэтгүүлчдээ ямар шалгуураар сонгож байгаа нь эргэлзээтэй, мөн редакцдаа хяналт тавихгүй байгаагаас эмх замбараагүй байдал үүссэнийг онцолж байв.
Хамгийн чухал нь мэргэжлийн ёс зүйн зарчмаа умартсан сэтгүүлчид өөрсдөө буруутай. Мөн иргэд мэдээллийг ялгаж салгах мэдлэг хангалтгүй байгааг ч онцолсон юм.
Монголын пара тамирчид Азийн дэвжээн тод гялалзав
Японы Айчи-Нагоя хотод зохион байгуулагдаж буй тав дахь удаагийн Азийн пара наадам аравдугаар сарын 18-нд эхэлж, аравдугаар сарын 24-нд өндөрлөсөн. Тус наадамд 45 орны тамирчид спортын 18 төрөлд өрсөлдсөн билээ. Аравдугаар сарын 23-ны байдлаар Монголын баг дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар 13 дугаар байрт жагсаж байв.
Алтан медалийг пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-д У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн 63 кг-д Г.Болор-Эрдэнэ, пара жүдогийн эмэгтэйчүүдийн 70 кг-д Л.Туруунаа нар хүртлээ. Мөн пара пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ 246 кг өргөж түрүүлсэн байна.
Мөнгөн медалийг пара жүдогийн эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Сувд-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтэд 10.30 метр түлхсэн Г.Ган-Эрдэнэ нар авсан. Харин хүрэл медалийг пара таеквондогийн эрэгтэйчүүдийн 58 кг-д Х.Темирбек хүртэж, байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв хосын төрөлд Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар Ираны багийг 6:2-оор хожиж хүрэл медалийн эзэн боллоо.