Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлчүүддээ талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан "Нийслэлчүүддээ баярлалаа. Нийслэл Улаанбаатар хотыг 950 хоног удирдан ажилласан байна. Их хотын хөгжил цэцэглэлтийг дэмжиж, хамтарч ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье" гэв. 

Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сараас нийслэлийн 35 дахь Засаг даргаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд хамгийн их хэл ам, улс төрийн маргаан дагуулсан хотын дарга нарын нэг болсон билээ.

Монголын улс төрд Хотын даргын албан тушаал сайд нартай эн зэрэгцэхүйц нөлөөтэйд тооцогддог. Учир нь, улсын хүн амын тал орчим нь нийслэлд төвлөрч, эдийн засаг, төсвийн орлогын гол эргэлт Улаанбаатарт бий болдог тул үе үеийн Ерөнхий сайд нар нийслэлийн удирдлагад онцгой анхаарч ирсэн. Иймээс өнөөдөр Х.Нямбаатарын улс төрийн ирээдүй ч улс төрийн шийдвэрийн төвд очоод буй.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Х.Нямбаатарыг улс төрийн хүрээнд хамгийн хүчтэй дэмждэг хүмүүсийн нэг байв. Хотын даргын суудалд хүрэхэд нь түүний Засгийн газрын дэмжлэг гол нөлөө үзүүлсэн гэж улс төрийн хүрээнийхэн үздэг.

Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ Х.Нямбаатарыг “барьж авсан ажлынхаа ард гардаг, шазруун зан бий” хэмээн үнэлж байсан удаатай. Гэвч Л.Оюун-Эрдэнийн улс төрийн нөлөө суларч эхэлсэнтэй зэрэгцэн Х.Нямбаатарын байр суурь ч давхар ганхаж эхэлсэн талаар ажиглагчид дүгнэж буй.

Үүний дараа Х.Нямбаатар дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатартай улс төрийн харилцаагаа хадгалахыг эрмэлзэж буй дүр зураг ажиглагдсан. Тухайлбал, “Дулааны V цахилгаан станц”, “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа, “Сүүн дархлаа” зэрэг олон нийтийн арга хэмжээнд Ерөнхий сайдтай тогтмол хамт оролцож, нийслэлийн ажлаа танилцуулж байсан нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байв. Энэ нь шинэ нөхцөлд улс төрийн дэмжлэгээ хадгалах оролдлого уу, эсвэл албан тушаалаа хамгаалах стратеги үү гэсэн асуултыг дагуулж байв.

Харин одоогийн Ерөнхий сайд Н.Учралтай улс төрийн харилцаагаа хадгалахыг зорьж буй гэх ойлголт улс төрийн хүрээнд ажиглагдаж байсан Тухайлбал, НИТХ-ын дарга А.Баярыг чөлөөлж, түүний оронд Д.Ихбаярыг томилоход Х.Нямбаатарын нөлөө байсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдсан. Гэвч улс төрд байнгын холбоотон гэж байдаггүй. Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал Х.Нямбаатарыг "зайлуулах" улс төрийн шийдвэр гаргав.

Үнэндээ Х.Нямбаатар өөрөө улс төрийн болон ёс зүйн эрсдэлүүдээ "хуримтлуулсан" гэж шүүмжлэгчид үзжээ. Түүний хамгийн том улс төрийн эрсдэл нь “Туулын хурдны зам” төсөл болсон. Хотын дарга энэ төслийг “Намайг алж байж зогсоогоорой” хэмээн хүртэл хамгаалж байсан ч төслийн ажлын зураг, байгаль орчны үнэлгээ зэрэг үндсэн баримт бичиг бүрэн гараагүй байхад ажлыг эхлүүлсэн нь шүүмжлэл дагуулсан.

Мөн сонгон шалгаруулалт, урьдчилгаа санхүүжилттэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд төслийн нийт өртөг 2.3 их наяд төгрөгт хүрч буй нь ч олон нийтийн анхаарлыг татав. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам”-ын асуудлыг шалгаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдсэн нь улс төрийн "дохио" гэж харагдаж байв.

Мөн Т.Даваадалайтай холбоотой асуудал Хотын даргын асуудлыг улам томруулсан. Түүнийг “Туулын хурдны зам”-ын төслийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар мөрдөн шалгаж буй бөгөөд Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.

Түүнчлэн түүний гэр бүлийн компаниуд нийслэлийн томоохон төслүүдэд оролцсон, тендер авсан тухай баримтууд ил болсоор байгаа нь асуудлыг улам хурцатгаж байна. Өөрөөр хэлбэл, асуудал зөвхөн нэг төслөөр хязгаарлагдахгүйгээр нийслэлийн удирдлагын баг бүхэлдээ эрсдэлд орсон мэт нөхцөл байдал үүссэн.

Үүнээс гадна НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон Ш.Мөнхсайхан нартай холбоотой “Сэлбэ дэд төв”-ийн тендерийн асуудал ч анхаарлын төвд хэвээр байна. Тэдний хувь эзэмшдэг компаниуд мега төсөлд шалгарсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй гэх асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа аж.

Нөгөө талд Х.Нямбаатарын иргэд болон хэвлэл мэдээлэлтэй харилцаж буй хандлага нь ч хүчтэй шүүмжлэл дагуулсаар байна. Тэрбээр “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцсэн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг хатуу байр суурь илэрхийлж, зарим үед иргэдийг “террорист” гэж нэрлэсэн гэх асуудал хүртэл гарч байв.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй атал Хотын дарга өөрөө иргэдтэй зөрчилдөж буй нь улс төрийн том эрсдэл болж хувирсан талаар улс төр судлаачид дүгнэж байна.

Х.Нямбаатарын үед нийслэлийн төсөв 1.2 их наядаас 5.8 их наяд төгрөг хүртэл өссөн ч бодит үр дүн, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын механизм хангалтгүй байгаа гэх шүүмжлэл нэмэгдсэн. Томоохон төслүүдийн гүйцэтгэл, тендерийн мэдээлэл олон нийтэд бүрэн, ойлгомжтой нээлттэй биш байгаа нь ч эргэлзээ дагуулж буй.

Хотын даргын гэр бүлийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээллүүд ч олон нийтийн бухимдлыг нэмэгдүүлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед төрийн өндөр албан тушаалтнуудын амьдралын хэв маяг хамгийн эмзэг сэдэв болдог.

Тухайлбал, түүний охин нохойгоо стейкээр хооллодог тухай мэдээлэл цахим орчинд тарж, мөн өндөр үнэтэй брэндийн хэрэглээ нь шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбоотойгоор иргэд төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагын асуудлыг улам хүчтэй хөндөж эхэлсэн юм.

Өнөөдөр Х.Нямбаатарын улс төрийн хамгийн том хамгаалалт нь “ажил хийдэг” гэх имиж. Түүнийг том төслүүдийг хөдөлгөж, шийдвэрүүдийг хүчтэй урагшлуулдаг улстөрч гэж хотын иргэдийн дийлэнх үзэж буй. Гэвч энэ имиж нь түүний хамгаалалт болж чадсангүй.

Х.Нямбаатарыг "оролдож" эхэлсэнээс хойш хотын даргад Э.Бат-Амгалан, Д.Баяр нарын нэр яригдаж байгаа бөгөөд МАН дотроос шинэ “битүү морь” гарч ирэх боломжтой гэсэн таамаг ч улс төрийн хүрээнд өрнөсөн.

Эх сурвалжийн мэдээлснээр, хотын шинэ дарга албан бусаар тодорчээ. Тодруулбал, намын даргынхаа хамгийн итгэлтэй хүний нэг, МАН-ын залуучуудын холбооны дарга Б.Пүрэвдагва хэмээх 90 оны залуу аж. Тэрбээр арваад жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгчийн охинтой үерхэж байсныг улс төрийн хүрээнийхэн анддаггүй аж. Өдгөө тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, 220 мянгатын унаган хүүхэд юм байна.

May be an image of newsroom and text that says 'T'

Үүний зэрэгцээ Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараагийн хотын даргад Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүлэх саналд нэгдсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тус хуралдаанд Хотын дарга асан Х.Нямбаатар оролцжээ.

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөнийг хааснаар бүртгэлгүй иргэд нэмэгдэж байна

Нэмж өгүүлэхэд, хуулиараа Хотын даргыг чөлөөлөх гол субъект Ерөнхий сайд бөгөөд нийслэлийн МАН-ын хороо намын даргын албан тушаалаас нь чөлөөлөх боломжтойгоос гадна Ерөнхий сайд НИТХ-д санал хүргүүлж, эцсийн шийдвэрийг НИТХ гаргах зохицуулалттай юм. 

Нийслэлийн МАН-ын хороо хуралдах тов өнөөдөр гарах юм байна.