УИХ-ын 2026 оны аравдугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, татварын ачаалал, хувийн хэвшлийг дэмжих бодлогын талаар байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Оюу толгойн ногдол ашгаас ахмад настнуудад нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгох санал дэвшүүлэв.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн зохицуулалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм.

Д.Цогтбаатар: Төсвийн хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээ, зөв эрэмбэд тулгуурлан хуваарилах ёстой

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төсвийн орлого бүрдүүлж буй татвар төлөгчдийн хөдөлмөрийг онцолж, төрийн зардал, хөрөнгө оруулалтад илүү хариуцлагатай хандах шаардлагатайг шүүмжиллээ.

Тэрбээр төсвийн орлого нь өдөр тутам хөдөлмөрлөж, бизнес эрхлэн, татвар төлж буй иргэд, хувийн хэвшлийнхний хүчин чармайлтаар бүрддэгийг сануулаад, төрийн байгууллагуудын тансаг хэрэглээг хязгаарлаж, төсвийн зарцуулалтад хэмнэлттэй, зарчимтай хандах ёстой гэв.

May be an image of text

Мөн хувийн хэвшлийнхэн татвар, зээлийн дарамтаа даан бизнесээ авч үлдэхийн төлөө хичээж байхад төрийн байгууллагуудын тансаг хэрэглээ, зардал нэмэгдэж байгааг шүүмжилж, 2027 оны төсвийн төсөлд хувийн хэвшлийг бодитоор дэмжсэн бодлого дутмаг байгааг онцолсон юм.

Д.Цогтбаатар “Америк, Англи шиг иргэд нь баян тансаг болсон бол их татвар авмаар байна. Хувийн хэвшилд зүтгэж, хамаг өрөө төлөөд, Приусээс өөр машин авч чадахгүй байхад нь 30 жилийн татвар тавьчих жишээний. 2027 оны төсөвт хувийн хэвшлээ дэмжсэн нэг ч бодлого байхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн төрийн өмчит уул уурхайн компаниудаас төсөвт тогтмол мөнгө төвлөрүүлнэ гэсэн баталгаа байхгүйг дурдаад, хувийн хэвшилд бизнесээ өргөжүүлж, эдийн засагт бодит хувь нэмэр оруулах боломж олгох шаардлагатайг хэллээ.

Сургуулийн барилга, музейн хөрөнгө оруулалтын эрэмбийг тодруулав

Тэрбээр төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбийн талаар тодруулахдаа нэг аймагт музейн барилгад нэг жилд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн атлаа Баянхонгор аймгийн Номгон сумын нурсан сургуулийг шинээр барих зардлыг гурван жилд хуваарилан тусгасныг шүүмжилсэн юм.

Д.Цогтбаатар “Сургуулиас илүү ач холбогдолтой музей гэж юу байх вэ? Та нар ямар эрэмбээр төсвөө хуваарилдаг вэ?” хэмээн асуув. Үүнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж тайлбар өгөхдөө  "Музейн барилга зүүн бүсэд хэрэгжиж байгаа бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь Оюу толгой" гэж хэлэв.

Түүний тайлбарласнаар, өмнө нь эхлүүлсэн музейн барилгын ажилд санхүүжилт дутсанаас төсөл үргэлжилж байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалттай хольж, цаашид дуусгах боломжгүй нөхцөл үүсгэхгүйн тулд шаардлагатай санхүүжилтийг нэг мөр шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Харин Номгон сумын сургуулийн барилга нь улсын төсвийн эх үүсвэртэй бөгөөд төсөл, арга хэмжээний санхүүжилтийг гурван жил хүртэл хугацаанд хуваарилах боломжтой зохицуулалтын дагуу төлөвлөгдсөн гэж тайлбарлав.

Б.Пүрэвдорж: Оюу толгойн ногдол ашгаас 542 мянган ахмад настанд тус бүр 5.535 сая төгрөг олгох санал гаргав

May be an image of text

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргаж, "Оюу толгой"-н ногдол ашгийн тодорхой хэсгийг 542 мянган ахмад настанд нэг удаа олгох санал дэвшүүллээ.

Тэрбээр "Оюу толгой"-той хийсэн хэлэлцээрийн үр дүнд өмнө нь 2030-2040-өөд онд авах хүлээлттэй байсан ногдол ашгийг ирэх оноос авах боломж бүрдэж байгааг онцолж, уг орлогыг ахмад настнуудын амьжиргааг дэмжихэд зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Б.Пүрэвдорж “Миний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргаж байна. "Оюу толгой"-н ногдол ашгийн зарцуулалтыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, 542 мянган ахмад настанд нэг удаа тус бүр 5 сая 535 мянган төгрөг олгох арга хэмжээг хэрэгжүүлье. Олон жил авах ашгийг нэгхэн жил ахмадуудад өгчихье” гэлээ.

Мөн тэрбээр эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн санхүүжилт, өмнөх зээлийн зарцуулалттай холбоотой асуудлыг хөндөж, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан ахмад үеэ нэг удаа бодитой дэмжих шаардлагатайг онцолсон юм.

Тэрбээр УИХ-ын гишүүдэд ахмад настнуудад ногдол ашгийн орлогоос нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгох саналыг дэмжихийг уриалав.

Д.Номинчимэг: Татварын нэг хувийн хөнгөлөлтийг өөрчилснөөр ямар үр дүн гарах вэ?

May be an image of one or more people, people studying and text

Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагаанд олгодог татварын нэг хувийн хөнгөлөлтийн зохицуулалтын талаар мөн хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Номинчимэг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагуудыг уг хөнгөлөлтөд хамруулахгүй байхаар төлөвлөж буй зохицуулалтыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, өмнө нь эдгээр байгууллага ямар төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн, хөнгөлөлтийг хассанаар ямар үр ашиг гарахыг тодруулав.

Ерөнхий сайд Н.Учралын тайлбарласнаар, татварын нэг хувийн буцаалтын хүрээнд 2025 онд төрийн өмчит уул уурхайн компаниудаас 304 аж ахуйн нэгж 103.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх хүсэлт ирүүлжээ. Үүнээс 204 аж ахуйн нэгж, байгууллагад нийт 61.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байна.

Мөн тэрбээр ирэх онд уг буцаалтын дүн ойролцоогоор 180 тэрбум төгрөгт хүрэхээр байгааг дурдлаа.

МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо

Ерөнхий сайд Н.Учрал “Энэ удаагийн төсвийг өргөн мэдүүлэхдээ Ерөнхий сайд өөрийн эрх мэдлээсээ татгалзаж байгааг онцолж хэлье” гэв. Тэрбээр өмнөх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар зам, туннель зэрэг төслүүдийг шийдвэрлэхдээ эрх мэдлээ ашиглан сонголт хийх боломж байсныг шүүмжлэн дурдлаа.

Харин энэ удаа татварын хөнгөлөлтийн буцаалтыг хуулиар зохицуулж, шийдвэр гаргах эрх мэдлийг хязгаарласнаар төсвийн орлогыг 180 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж тайлбарлав.

Түүнчлэн татварын хөнгөлөлтийг цуцалж, төсвийн орлогыг нэмэгдүүлээгүй тохиолдолд өмнөхийн адил төсвийн хөрөнгө оруулалтыг тойрог, хувь хүний хүсэлтэд тулгуурлан шийдвэрлэх эрсдэлтэйг хэллээ. Ерөнхий сайд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олгодог татварын буцаалт хэвээр үргэлжлэхийг онцлов.