Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотноо 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон насанд хүрэгчдийн гардан тулааны Дэлхийн цомын тэмцээнд Баян-Өлгий аймгийн харьяат, ҮБХИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Аубакирийн Биржан “Өөрийгөө хамгаалах” төрөл болон “1+1” багийн төрөлд тус тус хүрэл медаль хүртжээ.

А.Биржан ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхаасаа жүдо, самбо, кураш бөхөөр хичээллэж, долоон жилийн турш тууштай бэлтгэл хийжээ. Тэрбээр улс, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, жүдо бөхийн спортын нэгдүгээр зэргийн болзол хангасан байна.

Дэлхийн 41 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөн энэ удаагийн тэмцээнд ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин, хоёр төрөлд хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг олон улсад гаргалаа.

Тэрбээр 2022 онд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 44 кг-ын жинд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэнээр Баян-Өлгий аймгаас тус тэмцээнд медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болжээ.

А.Биржан жүдо бөхийн аймаг, баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж, 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.

Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсад болсон “Казак курес” олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж, 2024, 2025 онд бүстэй бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд, 2025 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлжээ.

Мөн 2025 онд ОХУ-ын Татарстаны Казань хотод болсон кураш бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн байна. Тэрбээр ийнхүү улс, олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргаж буй, ирээдүйтэй залуу тамирчин юм.