Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 21-нд Берлин хотын “Дойчес театр”-т боллоо.
Энэхүү тоглолтоор Монголын үндэсний соёл, урлагийн өвөрмөц онцлогийг илэрхийлсэн морин хуур, хөөмий, уртын дуу зэрэг уламжлалт урлагийн шилдэг бүтээлүүдийг Германы үзэгчдэд толилуулав.

Мөн монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, морин хуурын урлалын бүтээлийн дээжийг дэлгэн үзүүлж, Монголын соёлын өв, уламжлалыг зочид, төлөөлөгчдөд сурталчлан таниулсан байна.
Хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар үзэж сонирхов.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Германы соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын үндэсний соёл, урлагийг олон улсад сурталчлах, хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
