Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музей уламжлалт долоо дахь удаагийн “Хаан ордны хавар-2026” тусгай хөтөлбөрийн нээлттэй өдрүүдээ эхлүүлэв. Энэхүү арга хэмжээ тавдугаар сарын 18-наас 28-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Энэ жилийн хөтөлбөрийн хүрээнд “Энэрэхүйн хүч” нэртэй тусгай үзэсгэлэн зохион байгуулж, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Жанрайсиг бурхны дүр бүхий 30 гаруй ховор дурсгалт бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

Бурхны шашинд энэрэн нигүүлсэхүйг хамгийн дээд ариун чанар хэмээн үздэг бөгөөд түүний бэлгэдэл болсон дүр нь Жанрайсиг бурхан ажээ. Гэгээрсэн бүх оршихуйн энэрэнгүй сэтгэлийг илэрхийлдэг энэхүү шүтээн нь хайр, нигүүлсэл, энэрлийн хүчийг бэлгэддэг утга агуулгатай юм.

Үзэсгэлэнд 11 нүүрт, мянган мутарт, мянган мэлмийт Жанрайсиг, дөрвөн мутарт Хасарваань Жанрайсиг, арслан хөлөгт Жанрайсиг зэрэг олон төрлийн дүр дүрслэлийг толилуулж байгаа бөгөөд бүтээлүүд нь хийц, урлал, дүрслэлийн онцлогоороо харилцан адилгүй аж.

Мөн металл урлалын аргаар гууль, зэсээр цутгаж алтаар бүрсэн бүтээлүүдээс гадна шавар болон цацан баримал, торгон урлал, эрдэнийн чулуун шигтгээтэй бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд уламжлалт “танка” зургийн төрлөөр зотон дээр байгалийн шороон будгаар зурсан ховор бүтээлүүд ч үзэсгэлэнд багтжээ.

Богд Хааны орлон музейн захирал Ц.Эрдэнэбаата “Энэхүү уламжлалт өдөрлөгийг жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэдэг Олон улсын музейн өдөртэй хамтатган зохион байгуулдгаараа онцлогтой. Энэ жил дэлхийн музейн байгууллагууд ‘Хуваагдмал дэлхийг нэгтгэх музейнүүд’ уриан дор үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөөдөр дэлхий даяар үл ойлголцол, хуваагдал нэмэгдэж буй нь хүмүүсийн аминч үзэл, бие биеэ хайрлах, хүндэтгэх, энэрэх сэтгэл дутмаг байгаатай холбоотой гэж үзэж байна. Тиймээс манай музей ‘Энэрэхүйн хүч’ үзэсгэлэнгээ зохион байгуулж байгаа юм” хэмээн онцлов.

Түүний хэлснээр “Хаан ордны хавар” арга хэмжээ жил бүр дахин давтагдашгүй өнгө төрхтэй болдог бөгөөд үзэсгэлэн бүр шинэ агуулгатай байхын зэрэгцээ оролцож буй уран бүтээлчид ч жил бүр шинэчлэгдэн өөр өнгө аясыг бүрдүүлдэг ажээ. Мөн музейд ирсэн хүн бүрт ямар үнэ цэн, үзэл санааг хүргэх вэ гэдэг хандлага, агуулга нь жилээс жилд шинэчлэгдэж байдгаараа онцлогтой болохыг дурдав.

“Энэрэхүйн хүч” хэмээн нэрлэсэн нь ч учиртай бөгөөд бурхдын энэрэн нигүүлсэхүйн үзлийг бүрэн төгс илэрхийлдэг онцгой дүр бол Мэгжид Жанрайсиг бурхан гэж үздэг байна. “Мэлмийгээр болгоогч” хэмээн алдаршсан энэхүү Мэгжид Жанрайсиг бурхныг 1911 онд Богд хаан лүндэн буулган бүтээлгэснээр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээхэд бэлгэдлийн томоохон утга агуулга болсон гэж тайлбарладаг ажээ.

Энэхүү бурхны үйл хэрэг, сургаал номлолыг олон нийтэд түгээж буй нь дэлхийн музейн байгууллагуудаас дэвшүүлсэн “Хуваагдмал дэлхийг нэгтгэх” үзэл санаатай гүн утгаараа нийцэж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Мөн “Хаан ордны хавар-2026” арга хэмжээний үеэр олон уран бүтээлч оролцон ардын дуу, богино дуу, рок поп зэрэг төрөл жанрын тоглолтоо толилуулж, уран бүтээлээрээ дамжуулан хүмүүсийг бие биеэ хайрлах, хүндэтгэх, энэрэх үзлийг түгээж буй юм.

Үүнээс гадна веган хоолны өдөрлөг зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий ертөнц зөвхөн хүний бус, бүх амьд оршихуйн нийтлэг орон зай учраас махан хэрэглээ хэт нэмэгдэж буй өнөө үед веган хоолны соёлыг олон нийтэд сурталчлах нь чухал гэж зохион байгуулагчид үзэж байна.

Түүнчлэн боловсролын олон төрлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээрээр дамжуулан бурхны шашны үзэл санаа, Богд хааны үйл хэрэг, хатан эрдэнийн утга агуулга зэрэг сэдвүүдийг хүүхэд, залууст таниулан ойлгуулж байгаа ажээ.