АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд 300 мянга гаруй визийг хүчингүй болгосон тухай АНУ-ын Төрийн департамент мягмар гарагт мэдээлжээ. Энэ нь тус улсын Засгийн газар цагаачлалын бодлогоо чангатгах өргөн хүрээний арга хэмжээг үргэлжлүүлж буйтай холбоотой аж.
Виз хүчингүй болгосон тоо сүүлийн долоо хоногуудад эрчимтэй нэмэгдсэн байна. Төрийн департамент наймдугаар сарын 10-нд гаргасан мэдээлэлдээ Трамп 2025 оны нэгдүгээр сард албан тушаалдаа орсноос хойш 175 мянга гаруй визийг хүчингүй болгосон гэж мэдээлж байжээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт уг шинэ мэдээллийг X нийгмийн сүлжээнд нийтлэхдээ “Трампын засаг захиргаа өмнөх аль ч засаг захиргаанаас илүү олон визийг илүү богино хугацаанд хүчингүй болголоо” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр мөн визээр АНУ-д оршин сууж буй гадаадын иргэд хууль зөрчих, залилан үйлдэх, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх явдалд засаг захиргаа “тэг хүлцэл”-ийн бодлого баримталж байгааг онцолжээ.
Ерөнхийлөгч Трамп цагаачлалын хяналтыг чангатгах, албадан гаргах ажиллагааг өргөжүүлэх бодлогоо дотоодын аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэж тайлбарладаг. Харин хүний эрхийг хамгаалах байгууллагууд эдгээр арга хэмжээ нь хууль ёсны ажиллагаа, үг хэлэх эрх чөлөөг зөрчих эрсдэлтэй бөгөөд ялангуяа үндэстний цөөнхийн бүлгүүдийн дунд айдас, түгшүүр бий болгож байна гэж шүүмжилж буй аж. Мөн зарим иргэн арьс өнгө, гарал үүсэлд үндэслэсэн ялгавартай шалгалтад өртөж болзошгүйд санаа зовниж байгаа юм байна.
Хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэл дагуулсан асуудлуудын нэг нь Израилийн Газын зурвас дахь цэргийн ажиллагааг эсэргүүцсэн, Палестиныг дэмжигч гадаадын иргэдийн визийг хүчингүй болгосон явдал аж. Түүнчлэн консерватив үзэлтэй тоймч Чарли Киркийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлийнх нь улмаас зарим гадаадын иргэний визийг цуцалсан тохиолдлууд шүүмжлэлд өртжээ.
Үүний зэрэгцээ Трампын засаг захиргаа гадаадын иргэдийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг шалгах хяналтыг чангатгаж, цагаачлалын болон виз мэдүүлгийн үйл явцад илүү нарийн шалгуур хэрэгжүүлж буй. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Засгийн газар үндэсний аюулгүй байдлын үндэслэлийг ашиглан өөрийн бодлогыг шүүмжлэгчдэд чиглэсэн арга хэмжээ авч, залилангийн тусгаар тохиолдлуудыг өргөн хүрээнд тайлбарлан цагаач иргэдийн бүлгүүдэд нөлөөлж байна гэж үзэж байгаа аж. Үүний жишээнд Миннесота муж дахь Сомали гаралтай америкчуудын нийгэмлэгийг нэрлэжээ.
Трамп 2024 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бус цагаачлалыг зогсоохоо амлаж байсан ч түүний засаг захиргааны бодлого хууль ёсны цагаачлалд ч нөлөөлж байгаа аж. Тухайлбал, зарим төрлийн ажлын визтэй холбоотой өндөр төлбөр нэвтрүүлсэн нь АНУ-д ажиллаж, амьдрах хүсэлтэй гадаадын иргэдэд тавигдах санхүүгийн шаардлагыг нэмэгдүүлжээ.
Ийнхүү Трампын засаг захиргаа цагаачлалын хяналтыг чангатгах бодлогоо эрчимжүүлж байгаа бол уг бодлогын хэрэгжилт, хүний эрх болон хууль ёсны цагаачлалд үзүүлэх нөлөө нь олон нийтийн хэлэлцүүлэг, маргааны сэдэв хэвээр байна.
Эх сурвалж: REUTERS