Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутайн хөгжил” хоршооны дарга Х.Алтанцэцэгийн малчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нутгийн хонины үүлдэр угсааг хамгаалах, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил олон улсын түвшинд үнэлэгдлээ.

Дэлхийн хүнсний форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дэлхийн 100 эмэгтэйг алдаршуулах ёслол болж, Монгол Улсаас Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутайн хөгжил” хоршооны дарга Х.Алтанцэцэг шалгарлаа. Энэхүү хүндэтгэл нь Монголын малчин эмэгтэйчүүдийн манлайлал, хоршооллын үйл ажиллагаа, уламжлалт мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодит хүчин чармайлтыг дэлхий дахинд таниулах чухал үйл явдал юм.

Х.Алтанцэцэг 90 орчим малчин өрхийг нэгтгэн, нутгийн Сутай хонины үүлдэр угсааг хамгаалах, ашиг шим, чанарыг нь сайжруулах чиглэлээр тууштай ажиллаж байна. Тэрбээр өв уламжлалаар дамжин ирсэн мал маллагааны арга ухааныг орчин үеийн малын үржүүлэг, сүргийн менежмент, үйлдвэрлэл, зах зээлийн зарчимтай хослуулан, малчдын аж ахуйг илүү үр ашигтай, эдийн засгийн хувьд тогтвортой хөгжүүлэхэд анхаарч иржээ.

Түүний манлайллаар хоршооны гишүүн малчин өрхүүд сүргийн зохистой менежментийг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлдвэрлэл эрхлэх арга барилыг нэвтрүүлж байна. Эдгээр санаачилга нь малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ган, зуд зэрэг уур амьсгалын эрсдэлийг даван туулах бэлтгэл, дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн Х.Алтанцэцэг малчдын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгт тулгуурласан хоршооллын зарчмыг хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүд, залуусын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг аж. Түүний үйл ажиллагаа малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн нөөц боломжийг үр ашигтай ашиглах, уламжлалт мэдлэгийг хойч үедээ өвлүүлэхэд манлайлал ямар чухал болохыг харуулж буй юм.

Нөгөө талаас, нутгийн хонины үүлдэр угсааг хамгаалах, сайжруулах нь зөвхөн малын генетик нөөцийг хадгалах асуудал бус, бэлчээрийн мал аж ахуйн өвөрмөц онцлог, малчдын олон үе дамжин хуримтлуулсан мэдлэг, соёлын өвийг хамгаалахтай салшгүй холбоотой. Энэ хүрээнд хоршооны үйл ажиллагаа нь байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, орон нутгийн онцлогт тулгуурласан мал аж ахуйн хөгжлийн ач холбогдлыг тодотгож байна.

Х.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмэр оруулж буй 100 эмэгтэйн нэгээр шалгарсан нь Монголын малчин эмэгтэйчүүдийн мэдлэг, туршлага, манлайллыг олон улсад сурталчлахын зэрэгцээ хоршоололд тулгуурласан хөгжлийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж буй юм.