Европын Комисс болон Европын Холбооны Гадаад харилцааны алба ОХУ-ын эсрэг авах 22 дахь багц хориг арга хэмжээнд тус улсын газрын тосны салбарт чиглэсэн шинэ хязгаарлалтуудыг багтаахаар төлөвлөжээ. Энэ нь Европт эрчим хүчний хямрал нүүрлээд буй нөхцөлд хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээ аж.

Европын Холбооны гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас Страсбург хотноо болсон Европын парламентын чуулганы үеэр энэ талаар мэдэгджээ. Чуулганы бичлэгийг парламентын хэвлэлийн алба олон нийтэд хүргэсэн байна.

Калласын хэлснээр, тэрбээр ОХУ-ын орлогын эх үүсвэрийг цаашид хязгаарлах зорилгоор хориг арга хэмжээний шинэ багцад нэмэлт жагсаалтууд оруулах санал дэвшүүлжээ. Тодруулбал,

“Сүүдрийн флот” буюу Европын Холбооны хоригийг үл харгалзан Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг гадаадын танкерууд, мөн эрчим хүч болон банкны салбарт чиглэсэн арга хэмжээнүүдийг багтаах санал гаргасан байна.

Түүнчлэн гуравдагч орнууд дахь тодорхой салбар, аж ахуйн нэгжүүдэд ч хориг арга хэмжээ авах зорилготой байгааг онцолжээ. Гэхдээ Европын Холбоо 22 дахь багц хоригийг яг хэзээ батлах төлөвтэй байгаа талаар Каллас тодорхой дурдаагүй байна. Уг багц арга хэмжээг батлахын тулд ЕХ-ны гишүүн бүх улсын санал нэгтэй дэмжлэг шаардлагатай аж.

Европын эрчим хүчний зардал нэмэгджээ

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өмнө нь энэ оны эхнээс хойш ЕХ-ны орнууд эрчим хүчний импортод өмнөх жилүүдийн мөн үеийнхээс 100 тэрбум евро илүү зарцуулсан гэж мэдэгджээ. Түүний мэдээлснээр, Европ дахь байгалийн хийн үнэ 140 хувиар, дизель түлшний үнэ 100 хувиар тус тус өссөн байна.

Эрчим хүчний импортын зардал нэмэгдэж, түлшний үнэ өссөн энэ үед ОХУ-ын эрчим хүчний салбарт чиглэсэн шинэ хориг арга хэмжээ авах асуудал Европын эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлын хувьд анхаарал татаж байна.

22 дахь багц хоригийг хараахан батлаагүй байна

Европын Холбоо ОХУ-ын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээг энэ оны зургадугаар сард баталсны дараа Европын Комисс есдүгээр сард 22 дахь багцыг танилцуулахаар төлөвлөж буйгаа зарласан ч энэ хугацаанд батлаагүй байгаа юм.

Харин ЕХ аравдугаар сарын 12-нд ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой гэх 1,600 компани, хувь хүнийг хар жагсаалтад оруулах шийдвэрийг баталжээ. Үүний дараа Европын Комисс уг шийдвэр нь ОХУ-ын эсрэг авах 22 дахь багц хориг арга хэмжээ биш бөгөөд шинэ багцын боловсруулалт үргэлжилж байгааг тодруулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь өрнөдийн орнуудын ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний тоо урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн ч үр нөлөө багатай байгааг шүүмжилжээ. Мөн түүний үзэж буйгаар, эдгээр хязгаарлалт нь хориг тавьж буй орнуудад ч ихээхэн хохирол учруулж байгаа аж.

Эх сурвалж: TASS