ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадад түгээмэл хэрэглэгддэг “Ээдрээтэй цаг үед амьдрахаас бурхан өршөөг” гэх ерөөл, хэлц нь Оросын дипломатуудын хувьд тохиромжгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Түүний хэлснээр, өнөөгийн сорилт бэрхшээлүүд Оросын дипломат албанд саад болохоос илүүтэйгээр хүчээ дайчлан ажиллахад түлхэц болдог байна.
Лавров дипломат албанд анх удаа томилогдон ажиллаж буй их, дээд сургуулийн төгсөгчдөд хандан үг хэлэхдээ тэднийг “сонирхолтой цаг үед” Гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлж буйг онцолжээ.
Тэрбээр “Хятадуудын хэлдгээр, ‘Ээдрээтэй цаг үед амьдрахаас бурхан өршөөг’. Гэхдээ бид хятадууд биш. Сорилт бэрхшээл бидний хувьд боломж юм. Ажил үүрэг улам бүр төвөгтэй болж байгаа ч энэ нь биднийг үргэлж хүчээ дайчлахад хүргэдэг” гэж хэлсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр, өнөөгийн нөхцөлд Оросын Гадаад хэргийн яам болон тус улсын Ерөнхийлөгчийн тодорхойлж буй гадаад бодлогын өмнө маш хүнд зорилтууд тулгарч байгаа аж.
Лавров шинэхэн дипломатуудад “Энэ бол амаргүй цаг үе. Та бүхэн ямар нэгэн бэлтгэл үе шатгүйгээр олон давхаргат, олон хүчин зүйлээс хамаарсан, асар хурдацтай өрнөж буй үйл явцад шууд оролцох шаардлагатай болно” гэж анхааруулжээ.
Тэрбээр дипломат албанд сонгогдон орж ирсэн залуусыг зорилготой, авьяас чадвартай, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс хэмээн тодорхойлж, энэ нь сайн хэрэг болохыг тэмдэглэсэн байна.
Тэрбээр “Хэрэв та бүхэн энд хүрээд ирсэн бол зорилготой, авьяаслаг, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс гэсэн үг. Энэ бол сайн хэрэг. Та бүхэн гадаад хэл болон шинжлэх ухааны чиглэлээр чамгүй мэдлэг эзэмшсэн байх. Одоо энэ бүх мэдлэгээ ажил хэрэг болгох хэрэгтэй” гэж хэлжээ.
Мөн Лавров дипломат албанд шинээр орж буй залуу үеийнхнийг туршлагатай ахмад дипломатууд болон Залуу дипломатуудын зөвлөл дэмжин ажиллахыг амласан байна.
Эх сурвалж: TASS