Орос, Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээ яг л ганцхан үзэгчийн өмнө зэрэгцэн өрнөж буй хоёр жүжиг мэт болжээ.

Нэг тайзнаа Европын холбоотнууд болон Киев АНУ-ын шаардлага, сүрдүүлгийг Ерөнхийлөгч Дональд Трампын сэтгэлд нийцэхүйц энхийн төлөвлөгөө болгохоор чармайж байна.

Харин нөгөө тайзнаа Кремль өөрийн жүжгийг тоглож буй нь Оросын тусгай элч Кирилл Дмитриев АНУ-ын арилжаа, бизнесийн ашиг сонирхлыг чухалчилдаг Ерөнхийлөгчид таалагдах эдийн засгийн боломжуудыг санал болгож, түүнийг Москвагийн нөлөөнд улам татан оруулахын зэрэгцээ Оросын арми фронтын шугамаар аажмаар урагшлах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа хэрэг.

Трампын тусгай элч болох Стив Уиткофф, Жаред Кушнер нар энэ хоёр жүжгийн хооронд нааш цааш явж байна. Гэвч хоёр талын үйл явдал хоорондоо огт нийцэхгүй, бие биеэ үл тоомсорлосон хэвээр бөгөөд төгсгөл нь хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна.

Москвагийн хувьд энх тайван гэдэг нь үндсэндээ ялалт байгуулахтай адил утгатай. Кремль шаардлагаа, тэр дундаа харьцангуй зөөлөн хувилбараар илэрхийлсэн ч байр сууриа тодорхой илэрхийлсээр ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассыг цаашид тулалдахгүйгээр Украин өөрийн мэдлээс гаргахыг хүсэж байна.

Түүнчлэн Украин улсын зэвсэгт хүчнийг сулруулах, НАТО-д хэзээ ч элсэхгүй гэсэн амлалт авах, Киевийн удирдлагыг солих зэрэг зорилгыг Путин удаан хугацаанд тавьж ирсэн. Дайны нөхцөлд эдгээр шаардлага нь хэрэгжих боломжгүй, эсвэл биелүүлэхэд туйлын хүндрэлтэй юм. Иймээс Кремлийн бодлогыг хэрэгжүүлэгчид Донбассыг хэлэлцээрээр олж авч болох бодит зорилго хэмээн үзэж, Киевт буулт хийх шахалт улам нэмэгдэж байгаа аж.

Зеленский яагаад Донбассыг зүгээр л орхиж болохгүй гэж?

Донбассын үлдсэн хэсэг өдөр ирэх тусам хүн амьдрахад улам бэрх болж байгаа учраас Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский буулт хийх ёстой гэсэн шахалт нэмэгджээ. Оросын нисгэгчгүй төхөөрөмжүүд Донбассын хамгийн олон хүн амтай хот Краматорскийг байнга онилж, энгийн иргэдийг өдөр шөнөгүй заналхийлж буй аж.

Словянск, Добропилья, Константиновка хотуудын зарим хэсэг балгас болсон бол үлдсэн хэсгүүд нь Оросын планер бөмбөгний бай болжээ. Эдгээр хот цэргийн стратегийн хувьд асар чухал боловч энгийн иргэдийн амьдрах орон зай улам хумигдсаар буй.

Гэвч Украин Донбассыг зүгээр л орхиж болохгүй гэсэн хамгийн тодорхой үндэслэлийг Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, цаашлаад түүний залгамжлагч байж болзошгүй гэж яригддаг Марко Рубио өөрөө хэлжээ.

Рубио Breitbart News хэвлэлд ярилцлага өгөхдөө Орос улс Донецк мужийн нутаг дэвсгэрийн 89 орчим хувийг хянаж буй бөгөөд Украины хяналтад үлдсэн хэсэг нь Киевийн цэргийнхэн бэхлэлт байгуулсан “хамгаалалтын шугам” гэж тайлбарласан байна.

Рубио “Тэдний тайлбарлаж буйгаар, мөн цэргийн стратегичдын үзэж байгаагаар энэ бол хамгаалж болох хамгийн сүүлчийн шугам юм. Үүнээс цааш Киев рүү хүрэх зам бараг шулуун болно” гэж хэлжээ.

Тэрбээр "Оросын зэвсэгт хүчин бодитойгоор урагшилж чадахгүй байгаа тул Украины ард иргэдэд нисгэгчгүй төхөөрөмж, баллистик пуужингийн цохилт өгөх, эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан хангамжийг нь устгах замаар асар их хохирол учруулах тактик руу шилжсэн" гэж нэмж хэлсэн байна. Харин Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч буй аж.

Рубио Кушнер, Уиткофф нарын хүчин чармайлтыг сайшаасан ч эцэст нь “Бид дайныг дуусгахыг хүсэж байна. Гэхдээ дэлхийн бусад бүс нутагт ч бидний анхаарах шаардлагатай тэргүүлэх зорилтууд бий” гэжээ.

Рубио мягмар гарагт Зеленскийтэй утсаар 45 минут ярилцсан нь түүний энэ асуудалд хандах хандлага төгсгөлийн үгээс нь илүү нухацтай байж болзошгүйг харуулсан байна. Гэвч түүний бууруулсан хүлээлт нь энхийн хэлэлцээ хоёр тусдаа чиглэлд өрнөж буй бодит байдлыг илтгэжээ.

Украин улс оршин тогтнож үлдэхийг хүсэж байна. Харин Орос ялалт байгуулахыг зорьж байгаа бөгөөд үүндээ хүрч чадна гэдэгт итгэсээр байна.

Трамп Москваг татахын тулд Орост ямар боломжууд олгов?

Трамп Оросыг энхийн хэлэлцээрт татан оруулахын тулд Москвагийн ашиг сонирхолд нийцсэн олон төрлийн боломж санал болгосон ч энхийн хэлэлцээрийн нөхцөлийг өөрөө ч тодорхойлоогүй хэвээр байгаа аж. Энэ нь бодит үр дүнд хүрэх зорилготой дарамт шахалт гэхээс илүү дарамт үзүүлэхийн төлөөх дарамт мэт харагдаж буй бөгөөд богино хугацаанд Путины ашиг сонирхолд үйлчилж байна.

Трампын Москвагийн талд хийсэн гэж үзэж болох алхмуудын жагсаалт урт.

- Оросын дизель түлшний хэлцэл: Путины дайны санхүүжилтэд хэдэн тэрбум ам.доллар нэмэх боломжтой хэлцэл гэнэт гарч ирэв.
- Эрчим хүчний салбарын гал зогсоох тохиролцоо: Трамп нэг талын журмаар зарласан уг тохиролцооны талаар дайтаж буй хоёр тал өөрсдөө ч мэдээгүй бололтой. Гэсэн ч энэ нь Украины Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх цохилтыг хэдэн өдрийн турш сааруулжээ.
- Starlink, Starshield-ийн ажиллагааны хязгаарлалт: Украины хамгаалалтын болон довтолгооны ажиллагаанд чухал үүрэгтэй хиймэл дагуулын холбооны технологийн ашиглалтад хязгаарлалт тавьсан гэх мэдээлэл гарсан.
- Тагнуулын мэдээлэл солилцох ажиллагааны хязгаарлалт: Үүний улмаас Украин хэд хэдэн шөнийн турш баллистик пуужингийн довтолгооны талаар урьдчилан сэрэмжлүүлэх мэдээлэл авч чадаагүй гэж мэдээлжээ.
- Зеленскийг албан тушаалаасаа огцрохыг удаа дараа шаардах: Трамп Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлсээр ирсэн.
- АНУ-ын санхүүгийн дэмжлэг буурсан нь: Хэдэн сарын турш Украиныг санхүүжүүлэх АНУ-ын тусламж эрс хумигдаж, цэргийн тусламжийн зардлыг Европ голлон хариуцахад хүрчээ.

Хэрэв Путин өөрөө АНУ-ын бодлогыг тодорхойлдог байсан бол Вашингтоны одоогийн алхмууд үүнтэй тун төстэй байх байсан болов уу.

Украины Ерөнхийлөгч Зеленский мягмар гарагт АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаа “одоо хэвийн үргэлжилж байгаад” талархаж буйгаа мэдэгджээ.

Зеленский: “Тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаа одоо хэвийн үргэлжилж байна”

Осло хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Зеленский Уиткоффтой биечлэн уулзаж, Кушнертэй цахимаар ярилцсаны дараа АНУ-ын үйлдвэрлэсэн Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем болон Starlink-ийн талаар Рубиогоос нааштай мэдээ ирнэ гэж найдаж буйгаа хэлжээ.

Мөн тэрбээр АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаа дахин хэвийн болсон явдалд талархал илэрхийлсэн байна. Уиткофф маргааш нь Орос руу явах гэж байгаа ч Путины өмнө яг ямар санал тавих нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Трамп яагаад ийм алхмууд хийж байна вэ?

Трампын бодлого өөрт нь болон Бүгд найрамдах намын нөхдөд нь учруулж буй улс төрийн хохирол Конгрессын завсрын сонгуулийн өмнө улам мэдэгдэхүйц болж буй юм байна. Зарим Бүгд найрамдах намын гишүүн Оросыг дэмжсэн, АНУ-ын ашиг сонирхолд харш гэж үзэж буй бодлогуудаас өөрсдийгөө зайлуулахыг оролдож байгаа аж.

Үүнээс гадна Трампын зарим арга хэмжээ урт хугацаанд хэрэгжих боломжгүй, бодит үр дүн нь эргэлзээтэй болсон байна.

Дизель түлшний хэлцэл нь АНУ-ын шатахууны үнийг богино хугацаанд бууруулахгүй. Европын хязгаарлалт, зохицуулалтууд Путины дайны санхүүжилтэд очих мөнгөний хэмжээг ч багасгаж болзошгүй.

Эрчим хүчний гал зогсоох тохиролцоо богино настай, утга учир муутай байсан төдийгүй Трампын нэр хүнд, найдвартай байдалд дахин сэв суулгасан байна.

АНУ-ын Засгийн газрын хяналтад байдаг Starlink-ийн цэргийн зориулалттай хувилбар Starshield болон тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаанд тавьсан гэх хязгаарлалтууд хэрэгжиж, цуцлагдах нь тодорхойгүйгээр ээлжилж байгаа нь Украины цэргүүдийг хүнд байдалд оруулжээ. Харин Рубио Трампын адилаар ийм хязгаарлалт огт байгаагүй гэж няцаасан байна.

Энэ бүх ойлгомжгүй, хоорондоо зөрчилдсөн алхмыг АНУ-ын дотоод улс төрийн өнцгөөс харж байж л учрыг нь ойлгох боломжтой аж. Трамп завсрын сонгуулийн дараах дэлхий ертөнцөд чиглэсэн бодлогоо одооноос бэлтгэж буй бололтой.

Зеленский Трампад тал засах замаар хүссэн үр дүндээ хүрнэ гэсэн найдвараасаа татгалзжээ. Украин улс АНУ-ын дэмжлэгээ алдаж, цаашид өөрийн хүчээр тэмцэх шаардлагатай болж болзошгүй нөхцөлд сэтгэлзүйн хувьд дасан зохицож буй аж. Киевийн хувьд тогтворгүй, байр сууриа байнга өөрчилдөг АНУ-тай нөхөрлөхөөс илүүтэйгээр улс орноо авч үлдэх нь чухал болжээ.

Европ ч мөн Трампын Украинд хохирол учруулах боломжтой хугацаа хязгаартайг ойлгож буй аж. Цаашид юу ч тохиолдсон одоогийнхоос дээр байж мэднэ. Өнөөгийн бодлого үргэлжилсэн ч Европ, Украинд бие даан тэмцэх бэлтгэлээ хангахад илүү богино олдох бололтой.

Хамгийн түгшүүртэй нь Трампын энэ бодлогын цаг хугацаа, цаана нь буй сэдэл аж. Тэрбээр өөрийн нам болон улс төрийн өв залгамжлалд л хохирол учруулж буй юм байна.

Бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонх хэвээр байгаа, 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн хараахан бүрэн эхлээгүй энэ үед Трамп өөрийнх нь хувьд хязгааргүй мэт санагдах сүүлчийн боломжийг ашиглан АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд онцгойлон анхаардаг бололтой Владимир Путинд хандах өрөвдөх, тал засах хандлагаа бодит бодлогоор илэрхийлж байгаа ч байж мэднэ.

Эх сурвалж: CNN