АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 20-ны мягмар гарагт "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалт дайныг зохицуулахад заавал шаардлагатай биш" гэж мэдэгджээ.
Тэрбээр энэ тухайгаа Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ хэлсэн байна. Уг ярилцлагыг АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны YouTube сувгаар шууд дамжуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч "Тэд үүнийг (энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг - редакцын тайлбар) өөр аргаар хийж чадна гэж би бодож байна. Тэд нэг өрөөнд хамт байхдаа бэрхшээлтэй тулгардаг. Хэлэлцээрт хэрхэн хүрэх нь надад хамаагүй" гэж хэлэв.
Тэрбээр мөн Путин, Зеленский нарын хооронд "асар их" үзэн ядалт байгааг дахин мэдэгджээ. Түүнчлэн Трамп Украин улс дайныг зогсоох талаар өөрт нь санал болгож буй нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Америкийн удирдагч "Тэр (Зеленский - редакцын тайлбар) хэлэлцээр хийх хүсэлтэй байх хэрэгтэй. Учир нь, Украины ард түмэн цаашид үүнийг тэвчихгүй гэж би бодож байна" хэмээн хэлжээ.
Трамп: Украинд их хэмжээний тусламж үзүүлсэн ч бид уй гашуу, хүний амь насны гарз, санхүүгийн асар их хохирлоос өөр юу ч хүртээгүй
АНУ-ын Ерөнхийлөгч мөн өөрийн удирдаж буй улс Украинд ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлсэн талаар мэдэгджээ. Трамп "Үүний хариуд бид уй гашуу, хүний амь насны гарз, асар их санхүүгийн алдагдлаас өөр юу ч хүртээгүй" гэж нэмж хэлжээ.
Тэрбээр Америкийн татвар төлөгчид энэ нөхцөл байдлаас залхаж буйг онцолсон байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, Европын Холбооны орнууд ч Украинд үзүүлж буй санхүүгийн дэмжлэгээс залхаж байгаа аж.
Трамп: Путинээс Хаббардыг суллахыг хүссэн
Нэгэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцах үеэрээ 73 настай Стивен Хаббардыг суллахыг хүссэнээ мэдэгджээ.
Стивен Хаббардыг 2024 оны аравдугаар сард хөлсний цэргийн үйл ажиллагаатай холбоотой зүйл ангиар зургаан жил арван сарын хугацаагаар ердийн дэглэмтэй хорих ангид хорих ял оноосон байна. Тэрбээр ОХУ-ын шоронд хоригдож байхдаа удаа дараа хэрцгий харьцаанд өртөж байсан гэж эх сурвалжид дурджээ.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээллээр, Хаббард 2014 оноос хойш Украинд амьдарч байсан аж. 2022 оны хоёрдугаар сард тэрбээр Харьков мужийн Изюм хотын нутаг дэвсгэрийн хамгаалалтын хүчинд элссэн бөгөөд мөн оны дөрөвдүгээр сард Оросын цэргийн алба хаагчид баривчилсан байна.
AFP агентлагийн мэдээлснээр, Хаббард ОХУ-ын шоронд хоригдож байхдаа эрүүдэн шүүлтэд өртжээ.
Эх сурвалж: DW