ОХУ аравдугаар сарын 20-ны мягмар гарагт шилжих шөнө Украины нутаг дэвсгэрт дахин томоохон хэмжээний цохилт өгчээ.

Киев мужийн Обухив дүүрэгт үйлдвэрлэл, агуулахын зориулалттай барилга руу довтолсны улмаас нэг эрэгтэй, хоёр эмэгтэй амиа алдсан бол зургаан хүн шархадсан талаар аврах алба болон орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.

Түүнчлэн тус мужийн Чабаны сууринд, Киев–Одесса чиглэлийн авто замын ойролцоо дайсны нисгэгчгүй нисэх аппаратын довтолгоонд өртсөний улмаас дахин гурван хүн амиа алдсан гэж Киев мужийн прокурорын газар мэдэгдлээ. Мөн дөрвөн хүн шархаджээ.

Сумы хотын Заречный дүүрэгт ОХУ-ын нисгэгчгүй нисэх аппарат орон сууцны олон давхар барилгад онож, гал түймэр гарчээ. Энэ талаар Сумы хотын даргын үүрэг гүйцэтгэгч Артём Кобзар мэдээлсэн байна.

Украины бусад бүс нутагт өгсөн цохилтууд

Хмельницкий мужийн Шепетивка дүүрэгт ОХУ-ын довтолгооны улмаас сүм хийдийн барилга гэмтжээ. Мөн нэгэн аж ахуйн нэгжийн барилга халдлагад өртсөн байна.

Тус мужийн цэргийн захиргааны дарга Сергей Тюрин олон нийтийн сүлжээнд "Барилгын гадна фасад, цонх болон хонхны цамхаг гэмтсэн. Амиа алдсан болон шархадсан хүний талаар одоогоор мэдээлэл ирээгүй" хэмээн бичжээ.

Бүс нутгийн прокурорын газар "Донецк мужийн Краматорск хотод аравдугаар сарын 20-ны өглөө гал нээж, довтолгоо хийсний улмаас гурван хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан" гэж мэдээлсэн байна.

Тус байгууллагын мэдээлснээр, хотын орон сууцны гурван олон давхар барилга гэмтжээ. Довтолгооны үеэр ямар төрлийн зэвсэг ашигласныг эрх баригчид тогтоохоор ажиллаж байгаа аж.

Житомир мужид иргэний болон төмөр замын дэд бүтцийн объектууд оногдож, гал түймэр гарсан талаар аврах албанаас мэдэгджээ. Урьдчилсан мэдээллээр, хүний амь нас эрсдээгүй бөгөөд шархадсан хүн байхгүй юм байна.

Львов мужийн цэргийн захиргааны дарга Максим Козицкий "Украины баруун хэсэгт орших Львов мужид ОХУ-ын хоёр нисгэгчгүй нисэх аппарат эрчим хүчний чухал дэд бүтцийн объект руу довтолсон" гэж мэдээлжээ. Гэхдээ тэрбээр яг ямар объект халдлагад өртсөн тлаар тодорхой хэлээгүй байна.

Одесса мужид эрчим хүчний ДТЭК компанийн дэд бүтцийн гурван объект довтолгоонд өртжээ. Үүний улмаас тус бүс нутгийн зарим оршин суугчийн цахилгаан хангамж тасалдсан байна.

Мэдээлэл нийтлэгдэх үед нийт 32.7 мянган өрх цахилгаангүй хэвээр байсныг ДТЭК компанийн төлөөлөгчид мэдээлжээ.

ОХУ нийт 165 довтолгооны дрон харважээ

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, ОХУ аравдугаар сарын 20-ны шөнө Украины бүс нутгууд руу янз бүрийн төрлийн нийт 165 довтолгооны нисгэгчгүй нисэх аппарат харвасан байна. Тэдгээрийн 105 нь тийрэлтэт хөдөлгүүртэй дрон байжээ.

Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин нийт 115 нисгэгчгүй нисэх аппаратыг устгах буюу электрон дайн, саатуулах арга хэрэгслээр ажиллагаагүй болгож чадсан байна.

Украины Агаарын цэргийн хүч "Агаарын довтолгооны хэрэгслүүд Украины 30 байршилд туссан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд устгасан нисгэгчгүй нисэх аппаратуудын хэлтэрхий 13 байршилд унасан" гэж мэдээлжээ.

Эх сурвалж: DW