Францад амьжиргааны өртөг нэмэгдэж, боловсролын салбарын асуудал хурцадсантай холбоотойгоор өрнөсөн засгийн газрын эсрэг жагсаал бямба гарагт хүчирхийлэл, үймээн самуун болж даамжрав.
Олон хотод дэлгүүр, төрийн байгууллагын барилга галд өртөж, эд хөрөнгө сүйтгэгдсэнээс гадна цагдаа болон жагсагчдын дунд хүний амь нас хохирсон хэрэг гарчээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гаргийн орой ард иргэдэд хандан мэдэгдэл хийхдээ эд хөрөнгө сүйтгэсэн, дээрэм тонуул хийсэн этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоо онцолсон байна.
Тэрбээр “Сүйтгэж, эвдсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Дээрэм хийсэн хүмүүс учруулсан хохирлоо төлөх ёстой. Бүгд найрамдах улсыг унагахыг оролдсон хүмүүс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж мэдэгджээ.
Макрон хүчирхийллийн үйлдлүүдийг хэт зүүний үзэлтэй бүлэглэлүүдийн өдөөн хатгалга, тэдэнтэй нэгдсэн гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагаатай холбон тайлбарласан байна.
Тэрбээр “Эдгээр дүр зургийг хараад бид бүгд гайхаж байна. Тэдэнд юу тохиолдсон юм бол? Францын иргэд эх орондоо яаж ийм зүйл хийж чадаж байна вэ?” хэмээн хэлжээ. Мөн “Үүнийг зөвтгөх, тайлбарлах, уучлах ямар ч үндэслэл байхгүй. Өнөө орой бид бүгд уур бухимдал, ичгүүрийг зэрэг мэдэрч байна” гэж онцолсон байна.
Гэхдээ Ерөнхийлөгч жагсаалд оролцсон бүх хүнийг хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдтэй адилтгаж болохгүйг сануулжээ. Түүний хэлснээр, өмнөх өдөр хэдэн зуун мянган иргэн хууль ёсны шаардлага, нийгмийн асуудлаа илэрхийлэхээр жагссан бөгөөд тайван жагсагчдыг эд хөрөнгө сүйтгэсэн хүмүүсээс ялгаж ойлгох шаардлагатай аж.
Макрон энэ долоо хоногт оюутан, багш, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид болон бусад оролцогч талуудыг Засгийн газартай уулзуулж, бодитой шийдэл, санал боловсруулахыг даалгасан байна.
Жагсаалын үеэр хоёр хүн амиа алдаж, олон зуун цагдаа гэмтжээ
Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньезийн мэдээлснээр, бямба гарагт улс даяар өрнөсөн жагсаалд 550 мянга орчим хүн оролцсоны 110 мянга нь Парис хотод жагсжээ. Харин жагсаал зохион байгуулагчид үүнээс хавьгүй олон хүн оролцсон гэж мэдэгдсэн байна.
Францын Ерөнхий сайд Себастьян Лекорнюгийн мэдээлснээр, аравдугаар сарын 17-нд улс даяар болсон жагсаалын үеэр 1,200 орчим хүнийг саатуулжээ. Харин Дотоод хэргийн сайд Нуньез ням гарагт 2,000 гаруй хүнийг саатуулсан бөгөөд 600 гаруй цагдаа гэмтэж бэртсэн гэж мэдээлсэн байна.
Амь үрэгдсэн хоёр хүний нэг нь Парисаас баруун өмнө зүгт 400 орчим километрийн зайд орших Нант хотод ажил үүргээ гүйцэтгэж байсан 22 настай цагдаа ажээ. Тэрбээр өөр хүний жолоодож явсан автомашинд мөргүүлсний улмаас нас барсан гэж Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна.
Мөн Парисын хойд хэсэгт жагсаалд оролцсон нэг хүн амьсгал нь гэнэт боогдож, зүрх нь зогссоны улмаас нас барсан тухай Францын BFMTV телевиз цагдаагийн байгууллагын мэдээллээс эш татан уламжилжээ.
Үймээн самууны үеэр хэд хэдэн хотод төрийн болон олон нийтийн барилга байгууламж халдлагад өртсөн байна. Тухайлбал, Лимож хотын 143 жилийн түүхтэй хотын захиргааны байранд бямба гарагт гал гарч, барилгын орой хэсэг нуржээ. Марсель хотод нүүрээ халхалсан, хар хувцастай жагсагчид хотын захиргааны байранд нэвтэрч, барилгыг эвдэн сүйтгэсэн бол Лион хотод жуулчны мэдээллийн төвийг галдан шатаасан байна.
Парис хотод бямба гаргийн орой жагсаал намжиж эхлэх үед хэсэг бүлэг залуус дэлгүүрүүдийг дээрэмдэж, гудамжинд гал тавьжээ. Цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий хэрэглэж, бороохойтой дайралт хийсэн байна. Францын томоохон худалдааны сүлжээ Carrefour компанийн гүйцэтгэх захирал Александр Бомпардын мэдээлснээр, улс даяар 1,500 орчим дэлгүүр хүчирхийлэл, үймээний улмаас хохирол амсжээ.
Тайван жагсаалын үеэр цагдаагийн ажиллагаанд шүүмжлэл өрнөв
Жагсаалын үеэр цагдаагийн байгууллагын ажиллагаа ч олон нийтийн анхааралд орж, шүүмжлэл дагуулжээ. Долоо хоногийн эхээр цагдаагийн ажиллагааны үеэр 14 настай хүү эрүүгээ хугалуулсан бол Францын баруун хойд хэсгийн Алансон хотод цагдаа нэгэн охиныг боомилон барьж буй дүрс бичлэг олон нийтэд тарсан байна. Тус арга барилыг одоо хуулиар хориглосон аж.
Мөн Лион хотоос баруун өмнө зүгт орших Сент-Этьен хотод бямба гарагийн жагсаалын үеэр нэгэн жагсагч гаргүй болсон тухай цагдаагийн эх сурвалж BFMTV телевизэд мэдээлжээ. Энэ нь оюутнуудын эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагч гаргүй болсон хоёр дахь тохиолдол юм.
Аравдугаар сарын эхээр зүүн хойд нутгийн Ланс хотод нэгэн оюутан гранаттай төстэй хэрэгсэл авсны улмаас гараа алдсан тухай мэдээлэл гарчээ. Үүний дараа цагдаагийн хэрэглэдэг нэг төрлийн цочроох гранатын хэрэглээг түр хугацаагаар зогсоосон ч бусад төрлийн гранатыг ашиглахыг хориглоогүй байна. Уг түр хоригийг дараа нь цуцалжээ.
Үүний зэрэгцээ Францын олон хотод тайван жагсаал үргэлжилж байгааг улс төрийн зарим зүтгэлтэн онцолсон байна. Хэт зүүний үзэлтэй “Үл бууж өгөх Франц” намын тэргүүн Жан-Люк Меланшон нийгмийн сүлжээндээ жагсаалын үеэр хүчирхийллийн дүрс бичлэгүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа ч хэдэн арван мянган хүн тайван замаар үзэл бодлоо илэрхийлсээр байгааг тэмдэглэжээ. Тэрбээр нөхцөл байдлыг “Хоёр өөр ертөнц, хоёр өөр бодит байдал” хэмээн тодорхойлсон байна.
Парисын цагдаагийн удирдлага ч хууль сахиулах байгууллагын ажилтнууд хүчирхийлэл үйлдэгчдийн эсрэг тууштай ажиллаж, мэргэжлийн үүргээ гүйцэтгэж байгааг мэдэгджээ.
Амьжиргааны өртөг, боловсролын салбарын асуудал эсэргүүцлийн гол шалтгаан болов
Францад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн нь зөвхөн амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотой бус, боловсролын салбарын удаан хугацаанд хуримтлагдсан асуудал, төрийн бодлогод итгэх иргэдийн итгэл суларсантай ч холбоотой аж.
Өнгөрсөн сард оюутан, сурагчдын санаачилсан жагсаал Францын зарим бүс нутагт эхэлж, улмаар сургуулийн нөхцөл байдал, багш нарын хүрэлцээ, амьдралын өртөг болон Засгийн газрын бодлогод чиглэсэн өргөн хүрээний хөдөлгөөн болон өргөжжээ.
Энэ намар Францын ахлах сургуулийн сурагчид анги дүүргэлтийг бууруулах, багш нарын тоо болон боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, сургуулийн дэд бүтцийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгох, залуусын эсрэг цагдаагийн хүчирхийллийг зогсоох шаардлага тавин жагссан байна.
Сүүлийн 15 орчим жилийн хугацаанд төрөлтийн өсөлттэй зэрэгцэн боловсролын салбарын санхүүжилт буурснаар сурагчдын тоо нэмэгдсэн ч анги танхим дахь багш нарын тоо цөөрсөн гэж мэдээлжээ. Францын Боловсролын сайд Эдуар Жеффре сүүлийн хэдэн долоо хоногт сурагчдын төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзсан боловч одоогоор талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй байна.
Жагсаалд оролцогчдын зарим нь эдийн засаг, улс төрийн эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрч, нийгмийн тэгш бус байдал нэмэгдэж байгааг шүүмжилжээ. Парист жагссан Полин нэрээ хэлсэн нэгэн эмэгтэй CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Баялаг, эрх мэдлийн төвлөрөл хяналтаас бүрэн гарч байна” гэж хэлсэн байна. Тэрбээр залуусыг дэмжихээр жагсаалд оролцож байгаагаа мөн илэрхийлжээ.
Өөр нэг жагсагч Луизийн хэлснээр, Макроны удирдлага дор ардчилал суларч, эрх мэдэл улам төвлөрч байна. Тэрбээр “Хэвлэл мэдээллийг тэрбумтнууд хянаж байна. Бид нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө тэмцэж байна” хэмээн ярьжээ.
Эсэргүүцэл бусад улс оронд ч өргөжив
Францад өрнөсөн залуусын эсэргүүцлийг дэмжсэн жагсаал Бельги, Албани, Италид мөн болжээ. Италийн Милан хотод ням гарагт цагдаа нар 70 гаруй хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор саатуулсан байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, Миланд жагсагчид хоёр дахь өдрөө цагдаа нартай мөргөлдөж, чулуу шидсэн бөгөөд цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглан хариу арга хэмжээ авчээ. Мөн супермаркетын цонхыг хагалж, бараа бүтээгдэхүүнийг нь дээрэмдсэн дүрс бичлэг олон нийтэд хүрсэн байна.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони дээрэм тонуулыг буруушааж, хууль ёсны шаардлагаа илэрхийлсэн тайван жагсаалыг хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор ашиглаж буй этгээдүүдийн эсрэг авах нэмэлт арга хэмжээг хэлэлцэхээр Даваа гарагт Ром хотод уулзалт зохион байгуулахаа мэдэгджээ.
Францын Ерөнхийлөгч Макрон тайван жагсаалд оролцож буй иргэдийн шаардлагыг сонсож, бодитой шийдэл боловсруулах шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн ч хүчирхийлэл, дээрэм тонуул үйлдсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцох байр сууриа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: REUTERS