Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сүүлийн өдрүүдэд хэрэгжүүлж буй бодлого Оросын түрэмгийллийг няцаан тэмцэж буй Украиныг бууж өгөхөд хүргэхэд чиглэж байна" гэж мэдэгджээ. Тэрбээр энэ тухай аравдугаар сарын 18-ны ням гарагт АНУ-ын Bloomberg агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Зеленскийн хэлснээр, АНУ-ын Конгрессын завсрын сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болохын өмнөх үе Киевийн хувьд "аюултай өдрүүд" болж байгаа аж.
Тэр "онгуулийн өмнөх үед улс төр маш түрэмгий шинжтэй болдог. Миний бодлоор, одоо энэ бүхэн эцсийн шатандаа орж, тэвчишгүй болж байна. Гэхдээ сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Тэр үед байдал илүү тайван болно гэдэгт би итгэж байна" хэмээн ярьжээ.
Түүний хэлснээр, АНУ-ын эрх баригчид Украины хэрэглэж буй Starlink холбооны системийн цэргийн зориулалттай хувилбар болох Starshield-ийн ажиллагааны хурдыг зориудаар бууруулсан бөгөөд мөн Patriot агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан пуужин-таслан устгагчийн нийлүүлэлтийг саатуулж байгаа аж.
Зеленский: Киевийг бууж өгөхөд ятгах алхмууд хийгдсэн
Зеленский Трампын засаг захиргаатай хийсэн сүүлийн үеийн хэлэлцээгээ дараах байдлаар тайлбарлажээ.
Украины Ерөнхийлөгч "Миний хамгийн сүүлд тавьсан санал бол "Бид ОХУ-ын дизель түлш үйлдвэрлэх байгууламжуудад цохилт өгөхгүй, харин та нар манай объектуудыг хамгаалахад зориулж Patriot системийн пуужингуудыг бидэнд нийлүүлэх" байсан.
Гэтэл тэд зүгээр л биднийг дизель түлшний үйлдвэрлэлийн байгууламжуудад цохилт өгөхөө болихыг хүсэж байна. Хэрэв бид тэдгээр байгууламжид цохилт өгвөл тэд биднийг өөр ямар нэгэн зүйлээс салгана" гэж хэлжээ.
Зеленский "Миний бодлоор, Украиныг бууж өгөхөд ятгах зорилготой алхмууд хийгдсэн. Гэхдээ манай түншүүдийн зорилго яг энэ гэж би хэлж байгаа юм биш. Америкийн түншүүд маань Украиныг золиослон дайныг богино хугацаанд дуусгаж болно гэж бодож байгаа хэмээн би итгэхийг хүсэхгүй байна. Гэвч нөхцөл байдал яг л ийм харагдаж байна" хэмээн нэмж хэлсэн байна.
Тэрбээр Трамп, Путины харилцааны талаар мөн байр сууриа илэрхийлжээ. Зеленскийн үзэж байгаагаар, Трамп "Путинтэй үнэхээр сайн харилцаатай" боловч энэ харилцаа хүссэн үр дүнд хүргэхгүй байна. Одоогийн байдлаар Трамп Путиныг дайнаа зогсооход хүргэж чадахгүй байна" гэж мэдэгджээ.
АНУ-ын эрх баригчид Украин дахь Starlink-ийн ажиллагааг хязгаарласан гэх мэдээллийг няцаав
Украины Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Starshield системийн ажиллагаанд хязгаарлалт үүссэн нь аравдугаар сарын 14-нд шилжих шөнө болсон бөгөөд үүний улмаас нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн ажиллагаа болон логистикийн үйл явцад хүндрэл гарчээ.
Гэвч аравдугаар сарын 15-нд Украины Батлан хамгаалах яамнаас уг системийн ажиллагаа хээрийн нөхцөлд дахин хэвийн болсон талаар мэдээлсэн байна.
Аравдугаар сарын 17-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Америкийн эрх баригчид Украины нутаг дэвсгэр дэх Starlink-ийн ажиллагааг зориудаар хязгаарласан гэх мэдэгдлийг няцаажээ.
Дональд Трамп ч мөн өөрөө болон Илон Маск нар Украины нутаг дэвсгэр дэх Starlink-ийн ажиллагааны хурдыг бууруулаагүй гэж өмнө нь мэдэгдэж байсан байна.
Эх сурвалж: DW